Саран дээр газардах Америкийн аппаратыг хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-01-08 17:55:13

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 8 /AP/. Хагас зуун жилийн дараа Саран дээр буух оролдлого хийх АНУ-ын сансрын хөлгийг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар даваа гаргийн өглөө хөөргөлөө. 


United Launch Alliance (ULA) компанийн бүтээсэн Vulcan” хэмээх шинэ пуужинг 02:18 цагт хөөргөсөн бөгөөд уг пуужин Astrobotic Technology компанийн Peregrine буугч  төхөөрөмжийг тээж яваа юм.


Питтсбург хотод төвтэй “Astrobotic Technology” компани нь Саран дээр аппарат газардуулсан дэлхийн анхны хувийн компани болохыг зорьж байна. “Vulcan”-ыг хөөргөсний дараа компанийн хөөргөх ажиллагаа хариуцсан хяналтын хэсгээс мэргэжилтэн Эрик Монда, бүх зүйл төгс харагдаж байна гэж мэдээлжээ.


Ирэх хоёрдугаар сарын 23-нд Саран дээр буулгахаар төлөвлөж буй “Peregrine нь сансрын нисгэгчдийг дэлхийн дагуул руу илгээхээс өмнө гадаргуугийнх нь талаар мэдээлэл цуглуулах даалгаврыг гүйцэтгэх юм. Эл даалгавар амжилттай хэрэгжвэл 1972 онд "Apollo 17" хөлгийн багийнхан сүүлчийн удаа газардсанаас хойш АНУ Саран дээр анх удаа аппаратаа буулгах ажээ.

Холбоотой мэдээ