ДОРНОД: Булган сумын малчин М.Эрдэнэбат таван өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-07 20:24:23

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган сумын Хулсаншанд багийн малчин М.Эрдэнэбат “Улсын аварга малчин”-ы шагналаа гардан авлаа. Гуч гаруй жил мал маллаж буй тэрбээр таван өрхийг 783 толгой малаар малжуулж, арга туршлагаасаа хуваалцан сургасан байна.


Сүүлийн жилүүдэд мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Хөлөнбуйр сумаас барга үүлдрийн хуц, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас улаан ухна авч ирж хээлтүүлэгт ашиглажээ. Үүний үр дүнд ноолуурын гарц 50-150 гр хүртэл нэмэгдсэн байна.


Мөн үхэр сүрэгтээ талын улаан үүлдрийн бух тавьснаар сүргийн бүтэц сайжирч, малын зүй бус хорогдол, хээлт хаялтыг огцом бууруулж чадсан зэрэг олон туршлагыг дурдаж болох юм.


Сүүлийн хоёр ч өвөл цас ихтэй, тэр хэрээр хаваржилт хүндэрсэн хатуу цагийг дийлэнхдээ мал сүргээ тэжээж давсан гэж тэрбээр ярьж байлаа. 

Холбоотой мэдээ