Туульч Э.Баатаржав Болливудын дуучинтай хамтран бүтээсэн шинэ уран бүтээлээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-16 16:26:19

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Шинийн нэгний билэгт сайн өдөр Энэтхэгийн Болливудын нэрт дуучин Мохийт Чоухантай хамтран бүтээсэн шинэ уран бүтээлээ танилцуулжээ.


“Duur” хэмээх уран бүтээлийн зургийг төв болон Умард Энэтхэгт авсан байна. Эл бүтээлд байгаль дэлхийгээ хамгаалах, хүн байгалийн шүтэлцээний тухай өгүүлжээ.


Шинэ Дели хотод болсон шинэ дууг танилцуулах ёслолд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Дэлхийн шинжлэх ухааны сайд К.Рижижү, Гадаад хэрэг, соёлын Төрийн сайд М.Лекхи, БНЭУ-аас Монгол Улсад сууж асан Элчин сайд М.П.Сингх нар оролцсон байна.


Уран бүтээлчид одоогоор гурван дуу бичүүлээд байгаа бөгөөд цаашид 6 дууг хамтран дуулахаар төлөвлөжээ.


Болливудын алдарт дуучин, ая зохиогч Мохит Чаухан Энэтхэгийн  300 орчим дууг дуулж, хэд хэдэн алдартай цомог гаргаж, үндэсний болон олон улсын 35 гаруй шагналыг хүртэж байжээ.


МУСГЗ, төрийн туульч, хөөмийч, соёл судлалын ухааны доктор Э.Баатаржав сүүлийн 30 жилийн туршид НҮБ, Холливуд болон дэлхийн олон том тайзнаа тоглож, 90 орчим улс оронд соёл урлагаа түгээн дэлгэрүүлж, эх орондоо дэлхийн урлагийн 3 гран при шагнал авч ирж байв.


Олон нийтийн цахим сүлжээнд одоогоор 3.5 сая хүнд хүрээд буй энэ уран бүтээлийг https://www.youtube.com/ холбоосоор үзэх боломжтой.





Холбоотой мэдээ