Цагаан дара эх бүтээж, бурхан бүтээх эрх хүртдэг байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-17 20:54:30

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музей хаврын тэргүүн сарын шинийн найманд нэг өдрийн Цагаан дара эх бүтээдэг уламжлалтай. 


XVII  жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд  уламжлал ёсоор нэг өдрийн Цагаан дара эх бүтээх ёслолоо Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны шашны дээд сургуулийн Урлахуйн ухааны урлаачтай хамтран зохион байгуулав. 


Цагаан дара эх бүтээх ёслол хатан Дондовдуламыг Цагаан дара ноёнд өргөмжилсөн үеэс эхэлж, 1924 он хүртэл үргэлжилсэн юм. Их хүрээнд урлахуй ухаанаар мэргэшиж буй урлаачид шинийн наймны өглөөнөөс үдшийн бүрүй хүртэл Өндөр гэгээн Занабазарын дэгээр Цагаан дара эх бурхныг бүтээж, шалгарсан бүтээлүүдээ VIII Жавзандамба хутагт, хатан Дондовдулам нарт өргөдөг уламжлалтай байжээ.  Урлаачид энэ бүтээлийг бүтээснээр бурхан бүтээх эрхээ авдаг байсан гэдэг.


Мөн энэ үеэр “Шинийн наймны цагаан дара эх” үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд нэг өдөрт бүтээсэн 30 гаруй Цагаан дара эх бүтээлийг тахилын эд зүйлсийн хамт дэлгэн үзүүлж байна. Мөн зочдод зориулан “Нэг өдрийн цагаан дара эх, таван тахил” боловсролын хөтөлбөр явуулав.


“Шинийн наймны Цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болно.  









Холбоотой мэдээ