Тим Цю боксчны замналдаа анх удаа ялагдал хүлээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-31 12:37:33

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 31 /РИА Новости/. Дэлхийн үнэмлэхүй аварга асан Константин Цю-гийн хүү Тим Цю Дэлхийн боксын байгууллагын /WBO/ эхний дунд жингийн аваргын бүсээ хамгаалах, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ аваргын бүсний төлөөх тоглолтод Америкийн боксчин Себастьян Фундора-д ялагджээ.


Тулаан бямба гарагт Лас-Вегас хотод болсон бөгөөд Цю мэргэжлийн боксчны замналдаа анх удаагаа ялагдсан нь энэ юм. Анхандаа түүний өрсөлдөгч нь Америкийн иргэн Кит Турман байсан боловч хоёр толгойт булчингийн гэмтлийн улмаас тулаанаас татгалзсан байна.


Өдгөө 29 настай Тим Цю тулааныг эрч хүчтэй эхлүүлсэн боловч хоёрдугаар үед өрсөлдөгч нь тохойгоороо цохисны улмаас Цюгийн толгойноос цус гарч, улмаар тогтохгүй байсан нь тоглолтод багагүй нөлөөллөө. Тоглолтын төгсгөлд нэг шүүгч 116-112 гэсэн харьцаагаар Цюд ялалтыг өгсөн бол нөгөө хоёр шүүгч нь Фундораг /116-112 ба 115-113/ ялсанд тооцжээ.  


К.Цю мэргэжлийн боксын рингэнд нийт 25 удаа тоглохдоо 24 ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч 26 настай Фундора 21 ялж, нэг ялагдаж, нэг удаа тэнцсэн байна. 

Холбоотой мэдээ