Хави “Барселона”-даа үлдэхээр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-25 21:00:06

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /РИА Новости/.  “Барселона” багийн ахлах дасгалжуулагч Хави энэ улирлыг дуусгаад ажлаа орхино гэсэн шийдвэрээ өөрчилжээ. Энэ тухай тус клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта мэдэгдсэн байна.


Клуб ба дасгалжуулагчийн хооронд байгуулсан гэрээ 2025 оны зун дуусгавар болох ёстой бөгөөд энэ тухайд Хави 1 дүгээр сард ярихдаа, хөл бөмбөгийн ээлжит улирал дуусмагц ажлаа хүлээлгэн өгнө гэж байв. Харин лхагва гарагт хэвлэлүүдэд мэдээлснээр бол, тэрбээр шийдвэрээ өөрчилжээ. Mundo Deportivo сонинд мэдээлснээр, өдгөө 44 настай Хави клубийн эзэн Лапорта, спортын асуудал эрхэлсэн захирал Деку нартай уулзаж, өнөөгийн нөхцөл байдал, хамтран ажиллахаа үргэлжлүүлэх талаар ярилцжээ.


Уулзалтын дараа Лапорта хэлэхдээ “Хави дасгалжуулагчийн ажлаа үргэлжлүүлэх болсон тухай та бүхэнд мэдэгдэхдээ бид баяртай байна. Тэрбээр улирлын дундуур хэд хэдэн мэдэгдэл хийснийг бид бүгдээрээ мэдэж байгаа, гэхдээ өнөөдөр сайн мэдээ дуулгая” гэлээ.


Хави “Барселона”-г 2021 оны 11 дүгээр сараас хойш дасгалжуулахдаа багаа 2023 онд Испанийн аварга, Супер цомын эзэн болгосон билээ.


Одоогийн байдлаар барселончууд Ла Лигийн тэмцээний хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж, тэмцээн дуусахад 6 тойргийн тоглолт дутуу байгаа энэ үед Испанийн АШТ-ийг тэргүүлж буй “Реал Мадрид”-аас 11 оноогоор хоцорч байна. 

Холбоотой мэдээ