Дэлхийн автомашины борлуулалтад цахилгаан автомашины эзлэх хувь буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-04 15:50:02

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /Yomiuri/. Дэлхийн хэмжээнд автомашины нийт борлуулалтад эзлэх цахилгаан автомашины тоо хэмжээ 2022 оны сүүлийн хагаст 14 хувь байсан бол 2024 оны эхний улиралд 10 хувь болж буурчээ.


Ийнхүү буурсан нь олон газарт цэнэглэх сүлжээ бий болоогүй, өвлийн хүйтэнд зарим цахилгаан автомашины ажиллагаа доголдсон, мөн АНУ, БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж Японы Йомиури сонин шинжээчдийн дүгнэлтийг эш татан мэдээлэв. Тухайлбал, Америкийн "Тесла" компанийн борлуулалт 2024 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 хувиар буурсан нь сүүлийн дөрвөн жилд анх удаа унасан үзүүлэлт юм.


АНУ-д зээлийн бодлогыг чангатгасанаас үүдэн цахилгаан автомашины эрэлт зогсонги байдалд ороод байна. Мөн Хятадын үйлдвэрлэгчид хямд үнэтэй автомашинуудаа зах зээлд нийлүүлж байгаа нь "Тесла"-гийн борлуулалтад нөлөөлжээ. Үүнээс гадна, Йемений босогчдын “Ансар Аллах” (хути) хөдөлгөөнийхөн Улаан тэнгист ачааны хөлөг онгоцууд руу дайрсны улмаас эд ангиудын нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь нөлөөлж байна. 


"Тесла"-гийн гол өрсөлдөгч Хятадын  “Би-Вай-Ди" компанийн борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч 2023 оны 1-3-р сард 84.8 хувиар өсөж байсантай харьцуулахад эрэлт  огцом буурчээ. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлчийн улирлын үзүүлэлттэй харьцуулахад 43 хувиар унасан байна. Энэ нь Хятадад автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эрэлт ерөнхийдөө сулавтар байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.



Холбоотой мэдээ