БАЯНХОНГОР: “Улсын алдарт сайн малчин”-ы мөнгөн хувин аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-23 14:42:03

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн алтан сан хөмрөгт "Улсын алдарт сайн малчин"-ы шагнал хадгалагдаж байна.


80 шахам жилийн настай тус шагнал нь 960 сорьцтой мөнгөн таван хошуу малын дүрс, мөнгөн самбар, мөнгөн бүслүүртэй хувин юм. 


Анх 1945 онд мал сүргээ 1000 хүргэсэн 97 малчинд “Улсын алдарт сайн малчин” цол олгосон түүхтэй. Энэхүү эдлэл нь Өлзийт сумын харьяат Улсын сайн малчин н.Дооломын эдлэл бөгөөд түүний хүү Д.Бүдшир аймгийн музейд бэлэглэсэн байна.


Түүх сөхвөл, 1943 онд хуралдсан Улсын сайн малчны хоёрдугаар зөвлөгөөнд Ерөнхий сайд Х.Чойбалсан малаа 1000, 5000 хүргэсэн малчдыг зориуд сайшаан тэмдэглэж, гэрт нь үүрд дурсгал болох зүйлээр шагнаж байх тухай санал гаргаж байжээ. Ийнхүү монголчууд мал сүрэг нь өсч мянга хүрэхээр үр төлөөр баян байхыг бэлгэдэн эцэг малын дүрсийг модоор сийлбэрлүүлж, мөнгө, зэс зэрэг металл эдээр цутгуулан бурхан тахилынхаа өмнө тавьдаг байсныг уламжлан авсан байна.


МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1944.09.22-ны өдөр хувийн мал сүргээ 1000, 5000, 10000 хүртэл өсгөсөн малчдад “Улсын алдарт сайн малчин" цол олгож, үнэт эд өлгийн гурван зэрэгтэй шагнал дурсгах тухай тогтоол гаргажээ.


Тогтоол ёсоор “Улсын алдарт сайн малчин” цол, хүндэт үнэмлэх, сүргийн олонхыг эзэлж байсан хээлтүүлэгч малын мөнгөн дүрс, мөнгөн бүслүүр “1000 мал” хэмээх мөнгөн үсэг бүхий хувин, төрийн сүлд таван хошуу мал сийлбэрлэсэн мөнгөн чимэглэл самбар, зургаан хасагтай таван тотго бүхий ган болд тулга, эрээн майхан, өвсний морин машин, малын хашаа улсаас дурсгаж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ