БАЯНХОНГОР: Залуус цэрэг татлагад идэвхтэй хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-30 12:54:56

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ.


Цэрэг татлагад 1999-2006 оны дөрөвдүгээр сарын 10-нд /18-25 насны/ төрсөн цэргийн алба хаагаагүй иргэд хамрагдах бөгөөд залуусыг найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна.


Хугацаат цэргийн албанд татагдагчид иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом, цээж зураг, дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй. Цэргийн насны залуус эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхтэй хамрагдаж эхэлснийг Цэрэг татлагын комиссоос мэдээллээ.


Цэргийн жинхэнэ албаны татлагаар зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авах заалттай.




Холбоотой мэдээ