Шинэ оны 1 дүгээр сарын 1-нээс иргэдэд НӨАТ-ын урамшууллыг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-10 17:31:07

Ирэх 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс Монгол Улс иргэддээ нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшуулал олгож эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.  

-Иргэдэд НӨАТ-ын урамшуулал буцаан олгох ажлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-УИХ-аар  7 дугаар сард баталсан НӨАТ-ын урамшууллын хууль нь 1990 оноос хойш татварын тогтолцоонд хийсэн том шинэчлэл болсон. Яагаад гэвэл анх удаа иргэдийн оролцоог татварын тогтолцоонд эрс нэмэгдүүлж байгаа юм. Мөн анх удаа иргэн бүрт төлсөн татварынх нь тодорхой хувь хэмжээг буцаан өгөх гэж байна. Нийт ард түмэндээ татварын буцаан олголт хийж байгаа дэлхийн анхны тохиолдол ч болж магадгүй. Хоёрдугаарт иргэдийн төлсөн татварт тулгуурлан сугалаа явуулна.

Энэ системийг нэвтрүүлснээр маш олон эерэг хандлага гарна. Далд эдийн засгийг ил болгоно, маш том технологийн дэвшил гарна, төсвийн орлого эрс нэмэгдэнэ, иргэдийн санхүүгийн боловсрол дээшилнэ, аж ахуйн нэгжүүд татварын тайлан гаргах хүндрэлээс сална, эдийн засгийн эрүүл орчин бүрдүүлж, үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд олон үр дүн хүлээж байна.  

-Энэ ажилд нийт хэдэн төгрөг төсвөөс зарцуулах вэ? Хямралтай байгаа энэ үед эдийн засагт хүндрэл болохгүй юу?

-НӨАТ-ын урамшууллыг олгох, сугалаа явуулах зэрэгт 100 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцож байгаа. Гэхдээ эргээд 74 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орно гэсэн бардам тооцооллыг гаргасан. Иргэдэд зориулсан зардлаа хасаад шүү дээ. НӨАТ-ын урамшууллын систем нь маш өргөн цар хүрээг хамарсан үр дүнг Монгол Улсад авчирна гэж дүгнэж байгаа. Далд эдийн засаг ил болсноор 200 гаруй тэрбум төгрөгийн “хийг” шахна гэсэн үг.

Португаль улс жишээлбэл эдийн засгийн гүн хямралд орж, дампуурлаа зарлах дээрээ тулж байхдаа энэ системийг нэвтрүүлж бүх өрөө төлсөн байдаг. Монгол Улс бондуудын өр, олон улсын зээлүүдээ төлөх ёстой. Тэгвэл үүнийгээ төлөх мөнгийг далд эзийн засаг буюу “гудсан доор байгаа” мөнгийг гаргаж ирнэ гэсэн үг. Тиймээс энэ том эрсдлээ нэр төртэй давах ажиллагаанд иргэн бүрийн оролцоо, зүтгэл чухал нэмэртэй.

-Татварын байгууллагад итгэх итгэл иргэдэд муу байдаг. Хөнгөлөлт буцаан олголт зарладаг ч хүндээ хүрэхдээ муу, хангалтгүй байдаг учраас. Энэ систем ч тийм байдалд орох вий гэж эмээж байна.

-Иргэд яг одоо яаж мөнгөө авах вэ, хаанаас авах вэ гэсэн асуултыг л хамгийн түрүүнд асууна. Яаж авах вэ гэхээр та аливаа аж ахуйн нэгж байгууллагаар үйлчлүүлсэн л бол цахим баримтаа нэхэж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж, худалдаа хийж буй бүх байгууллага цахим баримт хэвлэж өгнө. Харин энэ баримтаа иргэдэд зориулсан татварын албаны цахим хуудаст дахин давтагдахгүй кодоо бүртгүүлэх ёстой юм. Ингэснээр таны худалдан авалт татварын нэгдсэн цахим хуудаст бүртгэгдэж, регистрын дугаараар тань таны буцаан авах урамшуулал нэмэгдээд явна.

-Системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил ямар шатанд явж байна?

-Өнөөдрийн байдлаар Системийн бэлтгэл ажил үндсэндээ дууссан. Одоо харин аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл ажил ид өрнөж, 170 гаруй байгууллага шинэ кассын машинаараа Татварын ерөнхий газарт мэдээллээ илгээгээд эхэлчихлээ. Энэ газрууд 2016 оны эхнээс цахим баримт хэвлэж эхлэхэд бэлэн гэсэн үг.

Монголд нийт 28000 аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч байгууллага байна. 12 дугаар сарын 25-ны дотор эдгээр аж ахуйн нэгжүүдийг бүрэн холбож дуусгахыг шаардаж байгаа.

-Кассын машин нь ямар үнэ өртөгтэй байх вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд 1 сая, түүнээс дээш гэж байгаа. Гэхдээ бид аль болох зардал бага гаргуулахаар ажиллаж байна.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид, тухайлбал багахан хүнсний дэлгүүрүүд баримтыг яаж хэвлэж өгөх юм бэ?

-Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд 1 сая төгрөгөөр кассын машин заавал худалдан авах шаардлагагүй, үүнийгээ орлуулах боломжтой юм. Өөрийн хэрэглэдэг хуучин компьютер эсвэл ухаалаг гар утас, принтерээ ашиглачихвал кассын машин шиг л ажиллаж болно. Бүр боломжгүй тохиолдолд улам хялбарчилж өгөх зорилгоор www.ebarimt.mn цахим сайт болон ухаалаг утасны апликешн нэвтрүүлж байгаа. Ингэснээр та байрныхаа доод талын дэлгүүрээс талх худалдаж аваад, эсвэл үсчинд үйлчлүүлээд дээр дурдсан цахим сайт болон апликешний тусламжтай баримтаа цахим хэлбэрээр авч болно гэсэн үг.

-Хөдөө орон нутагт тэгвэл хэрхэн ажиллах юм бэ?

-Хоршоодууд малын ноос тушаасан баримтыг малчинд өгч сурах тогтолцоонд оруулна. Барууны орнуудын жишиг ч орон нутагт нэвтрэх боломжтой. Тухайлбал хөдөөгийн нэг суманд яг ижилхэн бараа зардаг 6, 7 өөр жижиг дэлгүүр байдаг. Тэд 6-уулаа кассын машин аваад зургаан тусдаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулснаас хоорондоо нэгдээд 1 том дэлгүүр байгуулах жишээний. Барууны жижиг тосгон, суурин газруудад нэг л том супермаркет байдаг. Тэнд нь хүний хэрэгцээтэй бүх зүйл бий, бас үйлчлүүлэхэд тохь тухтай. Зургаан жижиг дэлгүүр байснаас нэг том компани болбол цаашид хөгжихөд нь нэмэртэй. Энэ мэт олон эерэг тогтолцоо авчирна гэж итгэж байгаа.

-Нарантуул, Хархорин гээд задгай захуудад үйл ажиллагаа явуулж байгаа энэ технологийг яаж нэвтрүүлэх вэ? Наймаа эрхлэгчид яаж цахим баримт хэвлэх вэ?

-Анх энэ төслийг эхлэх үед бид “Баянзүрх” зах дээр 7 хоногийн туршилт хийсэн. Манай ажилтан  захаар үйлчлүүлж байгаа иргэдэд баримт авахыг сануулж, авсан баримтаараа голын зааланд сугалаанд оролцохыг санал болгосон юм.Тэгэнгүүт хөгшин залуу бүх хүмүүс баримтаа лангуунуудаас нэхэж, худалдагчид баримтаа яаж хэвлэж өгөх вэ гэдэг асуудалд орсон. Мэдээж тэнд компъютер, принтер, кассын машин аль нь ч байгаагүй. Бид харин нэг сонин зүйл илрүүлсэн нь тэр зах дээр худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн 80 хувь нь ухаалаг гар утастай байсан. Ингээд бид бэлтгэсэн апликешнээ гар утсанд нь суулгаад иргэдэд өгөх баримтанд бичигдэх дөрвөн оронтой тоог авахуулж, зах дунд байрлуулсан Баримт хэвлэгч төхөөрөмжөөс гаргуулсан юм. Иргэд ч баримтаа хэвлүүлэн авч сугалаандаа дуртай оролцож байсан.

Тэгэхээр хүнсний зах, худалдааны төв хаана ч байсан баримт олгох, хэвлэх боломжийг бүрдүүлнэ. Бүх нөхцөл боломжийг бид хангаж ажиллана. 

-Жижиг лангуу эрхлэгчид баримт хэвлэж өгдөг болох шаардлагыг хэрхэн хүлээж авч байна?

-Лангууныхан баримт өгөх дургүй гэж иргэд ташаа ойлгодог. Харин ч эсрэгээрээ албан ёсны ийм баримт өгдөг болохыг маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл банкны тэдний энэ баримтыг нь үндэслэж зээл өгөх, цаашлаад үйл ажиллагаагаа корпорацийн түвшинд хүртэл томруулах, бусад байгууллагууд нь харилцах сонирхолтой болох гэх мэт олон гарц нээгдэнэ. Бизнесээ томруулахыг хүссэн сэргэлэн бизнесмэнүүдэд энэ бол том боломж.

-НӨАТ төлөгч байгууллага мөн эсэхийг яаж ялгах вэ?

-Бид “Энэ байгууллага НӨАТ төлөгч” мөн албан ёсны таних тэмдэг тавьж өгнө.

-Хэрэв таних тэмдэгтэй ч үйлчлүүлэгчдэд баримт өгөхгүй байх тохиолдол гарвал яах вэ?

-Таны үйлчлүүлсэн газар баримт өгөхгүй, эсвэл цаасан дээр гараар бичиж баримт өгвөл та НӨАТ-ын урамшууллаа буцаан авч чадахгүй.  Тиймээс иргэд баримтаа заавал шаардаж авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд харин үүнийг нь өгөхийн тулд кассын машингүй тохиолдолд ухаалаг гар утас, компъютэр ашиглах ёстой болно. Үүнээс гадна иргэдийн гомдлыг хүлээж авах утасны дугаар, байцаагч тогтмол ажиллуулна. Тиймээс иргэд тухайн аж ахуйн нэгж баримт өгөхгүй, энэ системд холбогдохгүй тохиолдолд гомдол гаргах хэрэгтэй.

-Заавал интернеттэй байх шаардлага гарах нь ээ?

-Кассын машин бол оффлайн горим буруу ямар ч сүлжээгүй орчин гурван хоног ажиллахаар програмчлагдсан. Харин гар утас, компъютер ашиглах гэж байгаа бол wireless, 3G үйлчилгээнүүдийг идэвхжүүлж интернет орчинд холбогдох ёстой. Гар утасны апликешнийг яваандаа интернетгүйгээр ажилладаг хэлбэрт шилжүүлэхээр судална.

-Тэгвэл цаасан биш цахим баримтыг иргэд яаж ашиглаж урамшуулал, сугалаандаа бүртгүүлэх юм бэ?

-Танд имэйлээр илгээсэн тэр баримтанд дээр цаасан баримтын адил дахин давтагдашгүй код ирнэ. Тэр кодоо хараад сайтад бүртгүүлснээр таны худалдан авалт урамшуулал болон сугалаандаа хамрах боломжтой болно гэсэн үг.

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо иргэд хэрхэн авах талаар тайлбарлаач. Татварын буцаан олголт авах гэж иргэд асар урт дараалалд зогсч өч төчнөөн баримт материал цуглуулах болдог. Ийм байдал давтагдвал иргэдэд ихээхэн хүндрэл үүснэ?

-Иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахдаа ямар ч материал цуглуулахгүй, ямар ч дараалалд зогсохгүй. Бүгд цахим системд суурилан явагдана. Өөрөөр хэлбэл иргэд баримт дээрх дахин давтагдашгүй дугаараа иргэдэд зориулсан сайтад бүртгүүлэх бүрт таны төлсөн НӨАТ-ын 20 хувь нь автоматаар шивэгдээд явна гэсэн үг. Энэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэн бүр уг сайтад регистрийн дугаар, имэйл хаяг, харилцдаг банкныхаа дансны дугаар зэрэг мэдээллийг оруулж бүртгүүлэх ёстой. Харин хугацааны эцэст буюу дараа оныхоо нэгдүгээр улиралд таны бүртгүүлсэн дансанд НӨАТ-ын урамшуулал шууд шилжиж орно. Танд хэдэн төгрөгийн урамшуулал хуримтлагдаж байгаа, хэзээ данс руу шилжих зэрэг бүх мэдээлэл ил тод нээлттэй байна.

-НӨАТ төлөгч байгууллагаас л энэ цахим баримтыг авна гэсэн үг үү? НӨАТ төлөгч биш бол баримт өгөхгүй юу?

-Аж ахуй, үйлчилгээний ашиг орлого нь НӨАТ-ын босго буюу 50 сая төгрөгт хүрээгүй аж ахуйн нэгжүүд НӨАТ суутган төлөгч биш. Гэхдээ бас л ялгаагүй танд баримт өгөх ёстой. Энэ баримтаар НӨАТ-ын буцаан олголт авч чадахгүй ч сугалаанд хамарна.Хэрэв иргэд тухайн үйлчлүүлдэг дэлгүүртээ “Та НӨАТ төлөгч болооч” гэсэн санал өгвөл аж ахуйн нэгж 50 сая төгрөгийн босгот хүрээгүй ч сайн дураараа НӨАТ төлөгч болох эрх нь нээлттэй.   

-Үндэсний сугалаа нь ямар шат дараатай явах юм бэ? Хэдэн төгрөгийн тохиролтой байх вэ?

-Сугалааг үндэсний хэмжээнд сар бүр зохион байгуулна. Иргэдийн баримтын дахин давтагдахгүй дугаараар сугалаанд оруулж, тэр дундаас сугална. Тохирлын хувьд маш өндөр, 30 мянгаас 100 сая хүртэл төгрөг хожих боломжтой. Журмын хувьд бөмбөг үлээж, хоёр бөмбөг таарвал хэдэн төгрөг, дөрөв бол хэд гээд тодорхой зааж өгнө. Сугалааны тохирлыг телевизээр шууд нэвтрүүлнэ.

-Иргэдийн хувьд сугалааны азтан болох магадлал нь хэр байх бол?

-Маш өндөр магадлалтай байна. Яагаад гэвэл та өдөрт хэдэн ч байгууллагаас хэдэн ч баримт авч болно. Хүнсний дэлгүүр, зоогийн газар, үсчин гээд өдөрт 10 баримт авлаа гэхэд тэр бүгдийгээ тус тусад нь бүртгүүлж нэг өдөрт л 10 сугалааны эрхтэй болно гэсэн үг. Ингээд бодохоор азтан болох магадлал маш өндөр. Харин авсан бүх баримтаа бүртгүүлээд байх л хэрэгртэй. Энд өөр нэг онцлогтой зүйл бий. Энэ удаагийн сугалааны хонжвороос татвар авахгүй. Хуулиар бол гэнэтийн ашгийн албан татварт 40 хувийг нь авдаг бол энэ удаад тэгэхгүй. Татварын буцаан олголт өгч байж татвар авна гэдэг зохисгүй гэж үзсэн.  

-НӨАТ-ын хуурамч падаан гэх нэг айхтар ажил байдаг. Энэ төсөл нэвтэрвэл хуурамч падааны хэргийг таслан зогсоож чадах уу?

-Тэгнэ. Гараар бичсэн ямар ч баримт үүнээс хойш хүчингүйд тооцогдоно. Сард 7-8 сая падаан бичигддэг байсан. Эдгээр нь бүгд цахим болно гэсэн үг.

-Энэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа Төслийн багаа танилцуулаач?

-Стратеги төлөвлөлтийн алба, Захиргааны алба, Мэдээлэл технологи хөгжүүлэлтийн алба, Бизнес хамтын ажиллагааны газар, Үндэсний сугалаа зохион байгуулах алба гээд 37 залуу Монголдоо энэ том тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна.

Иргэн бүрт НӨАТ-ын 20 хувийг буцаан олгож эхлэх ажлын бэлтгэл ийн явагдаж байна. Энэ системийг хэвийн, тогтвортой, аюулгүй ажиллах хамгийн чухал үндэс нь “технологи”  юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч, иргэдийн кодыг тасралтгүй бүртгэж авах цахим сайт нэг минут гацахад л худалдаа эрхлэлт бүрэн зогсоно гэсэн үг. Тиймээс энэ системийн технологийн бааз суурь, дэвшлийн талаар дараагийн ярилцлагаараа хүргэх болно.

Иргэдэд зориулсан сайтын танилцуулгыг эндээс үзнэ үү. https://invoice.ebarimt.mn/

Н.Гантуяа

Гэрэл зургийн Н.Батбаяр

 

 

相关新闻