Халзанбүргэдэй-Солонготын даваа хатуу хучилттай замаар холбогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭХөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ.
УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд зам, тээврийн салбарт томоохон ахиц гарч, 6000 орчим км зам тавьжээ. Энэ онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт ийн өчигдөр болсон юм. Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдсэн байна.
Зам дагаж хөгжил гэдэг, аялал жуулчлал хөгждөгийн жишээг Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа өнгөрсөн зун бидэнд харуулсан. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зун 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон бол ирэх зун байгалийн үзэсгэлэн бүрдсэн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж үүгээр бүрдэж байна.
Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоно. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг хатуу хучилттай автозамаар холбогдох төлөвлөгөө гарсан. 2016 онд багтаж 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо Засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монроуд”, зөвлөхөөр нь “Гео зураглал” ХХК ажилласан аж. Архангай аймгийн Тариат суманд болсон нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав болон Архангай, Завхан аймгийн ард иргэд оролцлоо.
Б.Туул