Хүүхэд харах үйлчилгээгээр 2000 шинэ ажлын байр бий болно
МОНГОЛЫН МЭДЭЭХүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны эхнээс хэрэгжихтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруулга авлаа.
-Хууль оны эхнээс хэрэгжих нь. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Бид төсөв батлах үеэр нэлээдгүй чармайлт гаргаж ажилласны дүнд 10 тэрбум төгрөг батлуулсан. Хангалттай мөнгө биш ч 2016 онд 10 мянган хүүхдийн асуудлыг шийдчих хэмжээний санхүүжилт тул боломжийн гэж үзэж байгаа.
Хууль хэрэгжихтэй холбогдуулж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр 21 аймгаас ирсэн 300 сургагч багшийн сургалт өнөөдрөөс эхэллээ. Эдгээр багш нар гурав хоногийн сургалтад хамарч, бүрэн мэдээлэлтэй болно. Багш нар маань орон нутагтаа очингуутаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж, сургалтад хамруулна.
Ер нь бол журам, стандарт, сургалтын хөтөлбөр батлагдсан. Эхний хүүхэд харах үйлчилгээ хоёрдугаар сарын дундуур гэхэд эхлээд явчих байх гэж бодож байна.
-Нэг хүүхдэд өгөх мөнгийг хэдэн төгрөгөөр тооцсон юм бол?
-Улсын төсвөөс баталсан мөнгөөр бол нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөг олгохоор журам баталсан. Тэгэхээр таван хүүхэд харж байгаа нэг иргэн улсаас 560 мянган төгрөг авна, дээрээс нь эцэг эхчүүдээс авах төлбөрийг журамласан. Тодруулбал, улсаас авч байгаа мөнгөний 60 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр авна гэж заасан. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд дунджаар 60 мянга орчим төгрөг нэмж төлж болно.
-10 мянган хүүхдээ хэрхэн сонгож энэ үйлчилгээнд хамруулах вэ. Өнөөгийн түвшинд үүнээс ч олон хүүхэд цэцэрлэггүй байгаа юм билээ?
-Цэцэрлэгт хамарч чадахгүй байгаа 50-60 мянган хүүхдээс 10 мянгыг нь хамруулна гэхээр квот тогтоох шаардлагатай болж байгаа юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 9 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Тэгэхээр тухайн аймаг, дүүргийн цэцэрлэгт хамарч чадахгүй байгаа хүүхдийн тоонд нь хуваагаад тодорхой квот олгоно.
-Хууль хэрэгжиж эхэлснээр нийтдээ хичнээн ажлын байр бий болох вэ?
-Улсаас төсөвлөсөн 10 тэрбум төгрөгтэй харьцуулж бодох юм бол 2000 шинэ ажлын байр бий болно.
-Хүүхэд харах багшийн насны хязгаарыг хэдээр тогтоов?
-18-65 хүртэлх насны гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бүрэн дунд боловсролтой, эрүүл иргэн багшилна гэж заасан.
-Нэг иргэн дээд тал нь хэдэн хүүхэд харж болох вэ?
-Хуулийн дагуу нэг иргэн таван хүүхэд авч болно. Харин хоёр хүн нийлж ажиллах юм бол 10 хүүхэд авна. Гэхдээ 10-аас илүү хүүхэд авч болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр хоёр багштай, 10 хүүхэдтэй нэг хүүхэд харах төв байж болно гэсэн үг
-Үйлчилгээ эрхлэх обьектод ямар шаардлага тавих вэ. Жишээ нь хүүхдийн аюулгүй байдлыг бодоод заавал камержуулсан байх ёстой гэсэн шаардлага байгаа юу?
-Обьектод тодорхой хэмжээний шаардлага бол тавина. Гэхдээ хэтэрхий чанга шаардлага тавьж чадахгүй. Жишээ нь ямар ч дэд бүтэцгүй газар боловсон ариун цэврийн өрөөтэй бай гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм газар камержуулах асуудал бол бас л хүнд. Тэгэхээр эцэг эхчүүд хяналтын үүргээ хариуцах ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө л хамгийн дотно хүндээ л хүүхдээ өгч харуулна гэсэн үг. Би эцэг эхчүүдийг огт танихгүй хүнд хүүхдээ шууд аваачаад өгчихгүй байх гэж бодож байна. Ядаж л хажуу хашааны таньдаг хүн, эсвэл орцны чинь эмээ хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байвал тэнд өгч болно шүү дээ. Тэнд л хяналтаа тавина гэсэн үг.
Б.Туул