Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаар 2 сая болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-13 14:24:24

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гаргаж, Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн жилдээ авах тусламж, үйлчилгээний мөнгийг нэмсэн талаар өнөөдөр ХАХНХЯ-наас мэдээллээ.

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улсын болон зарим хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгалын сангаас хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, зэрэг эмчилгээнээс гадна өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахад зардлын тодорхой хувийг авдаг. Ингэхдээ жилд 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах эрхтэй байсныг энэ сарын 01-нээс эхлэн 2 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Түүнчлэн өндөр өртөгтэй зарим мэс засалд хэрэглэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлдөг. Тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5 сая 484 мянга, түнхний хиймэл үе хийлгэхэд 5 сая 250 мянга, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4 сая 875 мянган төгрөгийг даатгалын сангаас төлдөг аж

Ч.Ариунболд

相关新闻