Хуучны орон сууцыг дулаалахад үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 15:01:24

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах хуучны угсармал 7А орон сууцыг дулаалсан “Баярс констаркшн”- компанийн технологитой танилцав.

Улаанбаатар хотод 1965-2000 онд барьж ашиглалтад орсон 1600 гаруй орон сууц байгаа бөгөөд эдгээр орон сууц ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал 35-40 хувь нэмэгджээ.

7А орон сууц 40 жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд оршин суугчдаас байнга гомдол ирдэг байжээ. Өнгөрсөн онд “Баярс констракшн” компани тус орон сууцын нэг талыг өөрийн хөрөнгөөр дулаалсан байна. Ингэснээр дулаан алдагдал 20 орчим хувиар буурч, айлуудын дулаан 7-10 хэмээр нэмэгджээ.

Орон сууцыг галт уулын чулуулнаас гаргаж авдаг, галд тэсвэртэй перлит буюу чулуун хөөсөнцөр хэмээх технологиор дуулаалсан талаар “Баярс констаркшн”- компанийн удирдлагууд танилцуулав.

"Баярс констракшн" компани 2005 онд дотооддоо дулаалгын перлит үйлдвэрлэж эхэлсэн байна. Цаашдаа өнгөлгөөний блок,шиллэг блок, цахилгаан техникийн тусгаарлах материал vйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл үндэсний үйлдвэрлэгчид дулаалгын материал үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлснийг сайшаагаад нийслэлд байгаа хуучин орон сууцнуудыг энэ төрлийн материалаар дулаалснаар Улаанбаатар холтын дулааны сүлжээнд их хэмжээний  нөөц гарах боломж бүрдэнэ. Тиймээс нийслэл үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэв.

Ч.Ариунболд

相关新闻