Байкал театр өнөөдөр “Гран при” шагналт бүтээлүүдээ толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-24 19:09:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын Буриадын үндэсний дуу бүжгийн “Байкал” театр анх удаа Монголд айлчилж, энэ сарын 22-ноос эхлэн уран бүтээлийн дээжээ Монголын үзэгчдэд хүргэж, өнөөдөр хаалтын тоглолтоо хийж байна. Тоглолт  үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин Төхөм” домгийн сэдэвт бүжгэн жүжгээ толилуулаад байгаа юм. Харин өнөөдөр “Crocus Event Hall”-ын тайзнаа болох хаалтын тоглолтоор “Россия-1” телевизийн “Танцуют все 2017” шоуны “Гран при” шагналт бүтээлээ толилуулж байна. Тус театрт Монголын гурван уран бүтээлч ажилладаг бөгөөд тэдний нэг гоцлол дуучин Б.Ганцэцэгээс хаалтын тоглолт эхэлхийн өмнөх сэтгэгдлийг нь сонсов.

Тэрбээр “Байкал театрын тоглолтыг манай үзэгчид маш халуунаар хүлээж авч буйд баяртай байна. Театр үүссэн цагаас хойш Ази, Европын хотуудаар үргэлж аялан тоглолт хийж, Буриад, Монголынхоо соёл урлагийг дэлхийд сурталчилж ирсэн. Монголд тоглолт хийхийг хүсдэг байсан ч нөхцөл нь бүрддэггүй байлаа. Харин энэ удаа олон хүний дэмжлэг туслалцаатай уран бүтээлээ элэг нэгт ахан дүүстээ толилуулж байгаадаа баяртай байна. Тоглолт маань үндсэн 3 хэсгээс бүрдсэн. Эхний өдрийн тоглолтоор бид театрын урын сангийн шилдэг бүтээлээр үзэгч олондоо өргөн барьсан бол төрийн шагналт  “Баргужин Төхөм” бүжгэн жүжгээ өчигдөр толилууллаа. Харин өнөөдөр уран бүтээлчид маань 19 цагт болох хаалтын тоглолтоороо Буриад, Монголчууд гарал угсаагаараа салшгүй холбоотой, нэг угсаатай ахан дүүс гэдгийг харуулахыг зорьсон” хэмээв.

1942 онд байгуулагдсан 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй тус театрын 76 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд Монголд 100 гаруй уран бүтээлч хүрэлцэн иржээ.

Г.Өлзийхутаг

相关新闻