БСШУЯ-наас малчдад туслахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-03 12:03:48

БСШУЯ-наас малчин түмэндээ туслах "Нэг хүүхэд -нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг өнөөдрөөс эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо.

Манай орны ихэнх аймаг, сумын малчид өвлийг хүндхэн давж, хавартай золгож байгаа хэдий ч хаваржилтын байдал цаашид хүндэрч болзошгүй талаар цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарч байна.

Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь зузаан цасан бүрхүүлтэй, тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 18 аймгийн 98 сум цагаан зудтай, цасны зузаан 18-42 см байна.  

Иймд  эх орны эрдэнэ, иргэдийн аж амьдралын эх үндэс болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрсдлээс хамгаалах, малчин түмэндээ туслах тухай МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилга, үйл хэргийг тус яамнаас дэмжиж байгаа юм.

"Нэг хүүхэд-нэг нэмнээ" аяныг ЕБС-иуд зохион байгуулна. Аяны хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс зэрэг материалаар малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулна.

"Малчин оюутан" аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгох юм. 

Малчин түмэндээ туслах аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус ЕБС, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд БСШУ-наас уриалж байна.

Ж.Болор

相关新闻