"Чингисийн хүрээ" баазад Бүргэдийн баяр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт "Бүргэдийн баяр" арга хэмжээ Чингисийн хүрээ жуулчны баазад өнөөдөр болж байна.
Жил бүрийн 10 дугаар сард Баян-Өлгий аймагт Бүргэдийн баярыг зохион байгуулдаг. Харамсалтай нь өвлийн улиралд Монголд ирсэн жуулчид, Улаанбаатар хот болон бусад төвийн аймгуудад ажиллаж амьдардаг дотоод, гадаадын иргэд Баян-Өлгий аймаг руу тэр бүр явах боломжгүй байдаг. Тиймээс Казахын ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншил, амьдрал ахуйтай танилцах боломж олгох үүднээс сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран Баян-Өлгий аймгаас тодорхой тооны бүргэдтэй анчдыг, бүргэдийн хамт Улаанбаатар хотод авчран Тэрэлж, Нүхт, Жаргалантын Ам, "Чингисийн хүрээ" гэсэн газруудад удаа дараа Бүргэдийн баярыг зохион байгуулж ирсэн.
Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид зэрэг 500 гаруй хүмүүс тогтмол хүрэлцэн ирдэг.
2015 онд Бүргэдийн баяр тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж байсан бөгөөд энэ жил 9 дэх удаагаа "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазад зохиогдож байгаа юм. Энэхүү арга хэмжээнд залуу бүргэдчин Айшолпан охин урилгаар оролцож байгаагаараа онцлог болж байна.
Н.Туяа