Иргэний нийгмийн байгууллагууд төвийг сахих бодлогыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Монгол Улс байнга төвийг сахих бодлого”-ыг “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Монголын ногоон нам” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлээ.
Байнга төвийг сахих нь аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, өөрийн газар нутгаа мөргөлдөөний талбар болгохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ” гэсэн үндсэн томъёололтой. Өөрөөр хэлбэл, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй гэж ойлгож болно. Харин улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаанд энэ бодлого хамаарахгүй. Уг бодлогыг тууштай хэрэгжүүлснээр Монгол Улсын аюулгүй байдал хамгаалагдаж, гадаад улс орноос хөрөнгө оруулалт татах, тусламж авах зэрэг олон давуу тал бий болно хэмээн Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч хэллээ.
Тэрбээр, “Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг дайчдаа татан оролцуулж байгаа нь цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байх гэсэн төвийг сахих бодлогын үндсэн агуулгыг зөрчих магадлалтай юм. Цэргийн эвсэлд нэгдсэнээр төвийг сахих бодлого алдагдаж, Монгол Улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс байнга төвийг сахих бодлогыг нэн даруй хэрэгжүүлж, учирч болох бэрхшээлээс урьдчилан сэргийлэх нь зөв. Энэхүү бодлогыг Монголын бүх ард түмнийг дэмжихийг уриалж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр