Манай улс 535 мянган га-д ойжуулалт хийхээр төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2018-12-06 14:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр “Blue Sky” зочид буудалд  болсон “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ.

Тэрбээр: “Дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад ч тулгарч байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил юм. Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийж эхэлсэн харьцангуй залуу салбар. Өнөөгийн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлагатай байна. Иймд “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байгаа” хэмээн онцлов. Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож буй салбарын төлөөлөл болсон хүмүүсийг шагнаж урамшуулав.

Монгол орны хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн гэсэн тоо баримт бий. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн  хийг 80 хувь хүртэл шингээдэг гэдгээрээ онцгой чухал ач холбогдолтой юм.

Өнөөгийн байдлаар манай улсад  535,0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалах ажил авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагджээ. Ой доройтож хомсдолд өртсөөр байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, түүний чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

相关新闻