Орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2.04 сая төгрөг байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ өнгөрсөн сард 2.04 сая төгрөг болж, өмнөх сараас 1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан талаар өнөөдөр Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.
Харин хуучин орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 13.62 хувиар буурчээ. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 81 сая 440 мянга болж өмнөх сараас 3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.5 хувиар тус тус буурчээ.
Орон сууцны үнийн бууралт иргэдийн худалдан авах чадвар муу байгаа болон ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгож бууруулах асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаатай холбоотой аж.
Орон сууцны м.кв-ын үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 2.85 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байна.
"Тэнхлэг зууч" компани 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Монголбанкны захиалгаар хараат бусаар орон сууцны үнийн үнийн индексийн судалгааг гаргадаг бөгөөд энэ удаа 4657 орон сууцны үнийг хамруулжээ.
Ч.Ариунболд