Б.Ганбаатар: Залилах гэмт хэрэг голдуу гар утас, олон нийтийн сүлжээ ашиглан үйлдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-28 21:29:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2018, 2019 оны хоёрдугаар сард үйлдэгдсэн залилах гэмт хэргийн судалгааг гаргажээ. Уг судалгаанд дээрх гэмт хэрэг хэрхэн ямар аргаар үйлдэгдэв, нийт хохирлын хэмжээ хэд хүрээд байгаа талаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ганбаатараас тодрууллаа.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе ээ. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2018 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн судалгааг гаргасан байсан. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдэв?

-Сайн байна уу. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны нэгдүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 он болон 2019 оны хоёрдугаар сарын байдлаар бүртгэгдсэн залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах судалгааг хийж гүйцэтгэлээ. Аймгийн хэмжээнд 2018 онд бусдад залилуулсан гэх 45 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 42 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурван гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд дээрх 42 эрүүгийн хэргийг нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгтэй харьцуулвал 13.1 хувийг эзэлж байна.

-Дээрх хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар танилцуулвал?

-2018 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан хэргүүдийг шийдвэрлэлтийн хувьд авч үзвэл 16 буюу 38.09 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хааж, 17 буюу 40.7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, гурав буюу 7.1 хувийг шүүхэд шилжүүлж, нэг буюу 2.3 хувийг харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар таван хэрэг буюу 11.9 хувь нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгагдаж байна.

-Тэгвэл 2019 он гарсаар өдгөө хүртэл залилах гэмт хэрэг хэд бүртгэгдээд байна вэ?

-2019 он гарснаас хойш нийт 18 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 17 буюу 94.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр 17 хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэлтийн хувьд авч үзвэл нэг буюу 5.8 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шийдвэрлэсэн бөгөөд 16 нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэсэн хэрэг одоогоор байхгүй байгаа.

-2018, 2019 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн үйлдсэн арга хэрэгсэл, хохирлын хэмжээг судалсан талаар ярьвал?

-Дээрх онуудад бүртгэгдсэн нийт 59 хэргийг судалгааны явцад үйлдсэн арга хэрэгсэл, учруулсан хохирол, төөрөгдөлд оруулсан арга зэргийг хэрэг нэг бүрээр судлан тогтоосон байна. Үүнд: нийт залилах гэмт хэргийн зургаа буюу 10.1 хувь нь олон нийтийн сүлжээ ашигласан буюу бусдын фейсбүүк хаягаар нэвтэрч хохирогчийн хамаатан садан, танил хүний нэрийг ашиглан мөнгө авч залилсан, 29 буюу 49.1 хувь нь утсаар таньдаг хүний нэрийг барьж хохирогчоос мөнгө шилжүүлүүлж авах болон эд зүйл, машин, мал худалдан авах нэрээр хохирогчийг төөрөгдөлд оруулж бэлэн мөнгө авч залилсан, 20 буюу 33.8 хувь нь хохирогчтой биечлэн уулзаж итгэлийг нь олж авах эсхүл хуурамч бичиг баримт ашиглан төөрөгдөлд оруулах буюу мал худалдаж аваад үнийг мобайл банкаар шилжүүлнэ гэж, машин, ноос худалдаж аваад үнийг нь төлөхгүй байх зэрэг аргаар залилсан, гурав буюу 5.08 хувь нь пирамид тогтолцоо буюу бэлэн мөнгөөр элсэж мөнгөө өсгөж авах сүлжээ нэрээр хохирогчийг хууран мэхэлж залилсан, нэг буюу 1.6 хувь нь хохирогчийн мобайл банкны кодыг мэдсэний үндсэн дээр өөрийн данс руу бэлэн мөнгө шилжүүлж авсан зэрэг таван төрлийн арга хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн байна.

Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдээс эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан төрлөөр нь авч үзвэл бэлэн мөнгө, мал, бусад эд зүйл буюу хүнсний бараа бүтээгдэхүүн голчлон залилж иргэдэд нийт 143,953,796 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь судалгааны дүнгээс тогтоогдож байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голчлон хохирогчийн төрөл садан, гэр бүлийн гишүүн, найз нөхдийн нэрийг ашиглаж гар утсаар холбогдон дансаар мөнгө шилжүүлүүлж авах, олон нийтийн сүлжээгээр бусдын хувийн мэдээллийг олж аваад түүгээрээ дамжуулан хохирогчидтой холбогдож хохирогчийн ойр дотны хүний өмнөөс харьцаж байгаа мэтээр итгүүлж, дансаар мөнгө шилжүүлүүлж авах, бараа, үйлчилгээ хийх эсхүл бараа, үйлчилгээ аваад төлбөрийг төлөхгүй байх, баримт бичиг хуурамчаар гаргаж хохирогчид өгөх зэрэг арга хэрэгслийг гэмт үйлдэлдээ ашиглажээ. 

-Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж шийдвэрлэхэд хүндрэлтэй зүйл тохиолддог уу?

-Бусдыг залилах гэмт хэрэг нь голчлон гар утас, олон нийтийн сүлжээ ашиглан үйлдэгдэж, хохирогчид өөрийн ойр дотны хүний нэрийг ашиглан залилж байгааг мэдэхгүй буюу тухайн хүнийг хэн гэдгийг мэдэх боломжгүй нь гэмт хэргийг илрүүлж шийдвэрлэхэд бэрхшээл учруулж байна. Бас нэг гарч буй хүндрэл нь үүрэн телефоны компаниуд дугаарыг эзэмшигчийн мэдээлэл бүртгэлгүйгээр буюу шууд иргэдийн гар дээр худалдахаар гаргаж байгаа нь гэмт этгээдийг олж тогтооход хүндрэл учруулдаг болох нь судалгааны явцад тогтоогдож байна. Иймд үүрэн телефоны компаниудад прокурорын мэдэгдэл хүргүүлэх замаар бүртгэлгүй дугаар худалдаалахыг хориглох ажил зохион байгуулах нь хэргийн илрүүлэлтэд чухал ач холбогдолтой юм. Мөн иргэд танихгүй хүнд өөрийн дансаар дамжуулан мөнгө шилжүүлүүлж бэлэн мөнгөний машинаас авч өгөх нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг гэмт санаагаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа нэг хэлбэр юм.


相关新闻