Угийн бичигтэн болох болзолт аян зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сайнцагаан сум угийн бичгээ хөтөлдөг иргэдийнхээ тоог нэмэгдүүлж, удам угсаагаа судлан угийн бичиг хөтлөх журамт үүргээ биелүүлэхэд нь иргэддээ туслах зорилгоор сум орон нутгаараа угийн бичигтэн болох болзолт уралдааныг зарлажээ.
Болзолт аяны хугацаанд багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтнууд харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын дунд, аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлагууд алба хаагч, ажилчдаа угийн бичиг хөтөлдөг болоход нь дэмжин ажиллах юм байна.
Өөрийн сум, аймгийн болон бусад холбогдох архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэлээс холбогдох баримтуудыг судалж угийн бичгээ бичсэн, олон үе удмаа хамруулсан, удмынхныхаа талаархи мэдээллийг тодорхой багтаасан бүтээлч хандлагыг гол шалгуур болгон уралдааныг дүгнэх юм байна.
Аяныг 5 дугаар сарын 10- нд дүгнэнэ. Ингэхдээ угийн бичгээ үлгэр жишээчээр хөтөлж эхэлсэн 3 иргэнийг шалгаруулан сумын Засаг даргын нэрэмжит шагналаар шагнах бол мөн хамт олноо угийн бичигтэн болгоход хичээл зүтгэл гаргаж, идэвхитэй ажилласан байгууллагын удирдлагуудыг ч шалгаруулах ажээ.
Т. Отгонтуяа