Зарим цэцэрлэгийн удирдлагууд багш, ажилтандаа ажлын байрны дарамт үзүүлдэг нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-25 11:14:48

Хэнтий /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран зарим цэцэрлэгийн багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд тусгай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Тус хяналт шалгалтаар: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтантай “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн,
2. Хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, энэ талаар гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлагын тухай тусгаагүй,
3. Удирдлагын зүгээс багш, ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлдэг,
4. Цэцэрлэг, сургуулийн захиргаа нь багш, ажилтнуудын санал, хүсэлтийг хэрхэн хүлээж авч шийдвэрлэж буй байдал нь тодорхойгүй, санал, хүсэлтийн бүртгэлийн дэвтэргүй, хөдөлмөрийн дотоод журамд энэ талын зохицуулалтыг тусгаагүй зэрэг хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.
Илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад дээрх зөрчлийг арилгуулах талаар дурдсан байна.

相关新闻