“Оюу толгой” компани 1.6 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 16:07:24

“Оюу толгой” компани өнгөрсөн онд 1.6 тэрбум ам. долларын борлуулалт хийж, улсын төсөвт 315 сая ам. долларын татвар, хураамж төлсөн талаар өнөөдөр тус байгууллагаас мэдээллээ.

Тус компанийн орлого 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд үүнд дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн уналт голчлон нөлөөсөн байна. Өнгөрсөн онд “Оюу Толгой”-н зэсийн үйлдвэрлэл 2014 онтой харьцуулахад 36 хувиар өсч, үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрчээ. Түүнчлэн зардлаа танаж, үр ашгаа дээшлүүлснээр хагас тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал бий болжээ.

“Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, “Өнгөрөгч 2015 онд уул уурхайн салбар бүхэлдээ зах зээлийн таагүй нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналттай тулгарсан. Энэ үед Оюу толгойн хамт олон аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо тууштай байж, бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлээр амжилттай ажилласан.

2015 оны 4 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн боловсруулалт өмнөх улирлаас 8.5 хувь өсч улирлын хамгийн дээд түвшинд хүрлээ. Ил уурхайн 2 дугаар үе шатны металын агуулга ихтэй хэсгийн олборлолтоос шалтгаалан 4 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлаас 68.3 хувь өссөн байна” хэмээв.

Тус компани энэ онд 175 – 195 мянган тонн зэс, 210- 260 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻