М.Ахмет Язал: Монгол Улсын эдийн засагт 745 сая ам.доллар орох боломжийг алдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-07 18:45:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Истанбулын шууд нислэгтэй болсноор Монгол Улсад ирэх жуулчдын тоо 75 мянгаар нэмэгдэх боломжтой хэмээн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өнөөдөр мэдээлэв.


БНТУ-ын “Турк Эйрлайнс” компани 2012 оны долдугаар сараас хойш Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд долоо хоногийн 500 суудлын хязгаартайгаар нислэг үйлдэж буй юм. “Турк Эйрлайнс” компани Улаанбаатар-Истанбул чиглэлд 250 хүний багтаамжтай агаарын хөлгөөр өдөр бүр нислэг үйлдэх хүсэлтэй байгаа аж.


БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал, “Миний бие Монгол Улсад томилогдож ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд Монголын УИХ-ын дарга болон Батлан хамгаалахын сайд Турк улсад айлчилсан. Мөн Туркийн Ерөнхий сайд Монголд айлчиллаа. Түүнчлэн гадаад харилцаа, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа ч хөгжиж байна. Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа төдийлөн хөгжихгүй байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн онд хоёр орны гадаад худалдааны эргэлт 41 сая ам.доллар байсан нь хэт бага үзүүлэлт. Тиймээс энэхүү харилцааг хөгжүүлэхийн тулд хоёр орны агаарын тээврийг хөгжүүлэх нь туйлын чухал” гэлээ.


“Турк Эйрлайнс” компани Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд жилд дунджаар 18-20 мянган зорчигч, 100 тонн ачаа тээвэрлэдэг байна. Нийт зорчигчийн 80 орчим хувийг Европын жуулчин эзэлдэг аж. Тус компани 2013-2018 онд Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд 110 мянган зорчигч тээвэрлэсний 52.4 мянга нь жуулчид байжээ. Мөн хугацаанд 600 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд Монгол Улсын эдийн засагт 80 сая ам.доллар оруулсан хэмээн тооцож байгаа аж. Хэрэв энэ хугацаанд өдөр бүр 250 хүний багтаамжтай агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол 540 мянган зорчигч, 44 мянган тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт 825 сая ам.доллар оруулах байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 745 сая амдоллар алдлаа хэмээн Элчин сайд М.Ахмет Язал онцлов. Мөн одооноос 250 хүний суудалтай агаарын хөлгөөр өдөр бүр нислэг үйлдэж эхэлбэл, жилд 90 мянган зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд үүний 75 мянга нь Европын жуулчид байна гэсэн судалгаа гарсныг цохон тэмдэглэсэн юм. Тодруулбал, Туркийн болон Монголын аялал, жуулчлалын компаниуд нислэгийн давтамжаа нэмэх хүсэлтийг байнга ирүүлдэг бөгөөд 2020 оны долдугаар сар хүртэл Туркээс Монголыг зорих жуулчдын тасалбарын 80 хувийг захиалсан байгааг дурдсан юм.


Тэрбээр, “1995 онд хоёр улс Агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, суудлын тоог долоо хоногт 500 байхаар тогтсон. Уг хязгаарыг өөрчлөх бол эхлээд хоёр орны агаарын тээврийн компани тохиролцох ёстой гэсэн заалт бий. Туркийн талаас МИАТ компанид хэд хэдэн санал тавьсан. Тодруулбал, “МИАТ” компанийг Истанбулаар дамжин Европын орнууд руу нислэг үйлдэхэд нь нислэгийн суудлыг дүүргэхэд нь дэмжлэг үзүүлэх, бусад оронд нисэх дугаараа хуваалцах зэрэг санал тавьсан ч хариу ирүүлээгүй байна. Одоо бол “Турк Эйрлайнс” компанийн нислэгийн тасалбарыг МИАТ компани борлуулж, дундаас нь хувь авах гэрээ байгуулахаар ажиллаж байна. “Турк Эйрлайнс” компани өдөр бүр нислэг үйлдвэл МИАТ зорчигчоо алдана гэсэн хардлага Монголд бий. Тийм биш. Бидний хийсэн судалгаагаар “Турк Эйрлайнс” компани Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлд нислэг үйлдэж эхэлснээс хойш Монголын авиа компаниудын зорчигчийн тоо огт буураагүй” гэлээ.


БНТУ-ын Истанбул хотын шинэ нисэх буудал энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд жилд 90 сая зорчигчид үйлчлэх боломжтой юм. Цаашид уг нисэх буудлыг улам бүр өргөжүүлж, 200 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай болгох аж. Ингэснээр Истанбул нь олон улсын томоохон ложистик төв болох бөгөөд Монголын аж ахуйн нэгжүүд тус улсаар дамжин бараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд шуурхай гаргах боломж байгааг Элчин сайд М.Ахмет Язал хэллээ.


Мөн тэрбээр, хурлын төгсгөлд нислэгийн давтамжийг нэмэх нь “Турк Эйрлайнс” компанийн сонирхол бус хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн БНТУ-ын Засгийн газрын хүсэл юм хэмээв.

相关新闻