Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар албан хаагчдын чадавхыг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-29 12:46:20

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болох уул уурхай, эрдэс баялгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх зорилго бүхий “МЕРИТ” төслийг хэрэгжүүлэхээр УУЯ, Канадын консерциум хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

6 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд Канадын уул уурхайн олборлолтын салбарт ажиллаж байсан 250 зөвлөх Монголд ирж, уул уурхай болон түүнтэй холбогдох бусад салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгнө гэдгийг “МЕРИТ” төслийн удирдагч Синди Фэйр гарын үсэг зурах ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, “Байгаль орчны салбар уул уурхайтай нэн тэргүүн холбогддог. Тиймээс уул уурхайн олборлолтоос үүдэн байгаль орчинд учирч буй хохирлыг бууруулах чиглэлээр БОНХАЖЯ-тай хамтран ажиллах болно. Мөн УУЯ-ны судалгаанд үндэслэн уур уурхайн олборлолтод газар нутаг нь хамгийн их талхлагдсан аймаг, сумдыг сонгож, туслалцаа үзүүлнэ.

Боловсролын салбар нь төрийн албан хаагчдыг бэлтгэдэг тул их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар одоо ажиллаж байгаа албан хаагчдыг мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйд чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлд зөвлөгөө өгч, сургалт явуулахаар БСШУЯ-тай санал, солилцож байна” хэмээв.

“МЕРИТ” төслийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Энэ оны 5 дугаар сар гэхэд нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, УУЯ-нд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Харилцан ойлголцлын санамж бичигт УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, “МЕРИТ” төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻