Л.Чулуунбаатар: Алсарсан түүхийн сургамжийг мартах ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2019-06-05 21:54:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар, түүхийн ухааны доктор, дэд профессор Д.Дашдулам нарын “Халхын голд дайн үүссэн нууцаас” ном уншигчдын гарт очлоо. Энэхүү номын нээлт өнөөдөр МУИС-ийн номын санд болов.


Өнгөрсөн дайны тухай нөхөн эргэцүүлэх нь түүхийн үүднээс хэн нэгэнтэй тооцоо хийх гэсэн хэрэг огтхон ч биш, харин түүнээс сургамж авч, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх, ахиж дайтахгүй байх, улам дэвшин хөгжих гол зорилготой гэдгийг зохиолч нар онцолж байна.

Тэд эл бүтээлдээ Халх голд дайн гарах болсон хийгээд дайны үеийн зарим учир битүүлэг асуудлыг тодруулах, нэн ялангуяа өнөөг хүртэл хүмүүсийн гайхаж, эргэлзсээр явдаг зарим нууцлаг зүйлийг баримт түшиж өгүүлжээ. Халх голын дайны эхэн болон төгсгөл үеийн асуудлыг тодруулах, өнгөрсөн хугацаанд түүхийг түүхийрүүлсэн зарим нууцлаг зүйлийг судлахдаа ном зохиолоос гадна ахмад дайчдын дурдатгал, аман түүхийн баримт сэлтийг тунгаан нягталж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.

Түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар ярихдаа, “Халх голын дайныг мөргөлдөөн, байлдаан төдий дүгнэж ирсэн нь тухайн үеийн их гүрнүүдийн бодлоготой холбоотой байсан юм. Халх голын дайны шалтгаан нь тэр үеийн Зөвлөлт, Японы сөргөлдөөнтэй шууд холбоотой байсан. Ер нь Монгол мэтийн бага буурай орны хувьд туурга тусгаар орших эсэх нь дэлхийд манлайлагч их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаанаас шууд хамаарч байлаа. ЗХУ, Япон болон бусад их гүрний цэрэг стратегийн бодлогын зөрчил сөргөлдөөнөөс үүдэн БНМАУ-ын Халх гол орчимд болсон хэрэг явдлыг БНМАУ, Манжго улсын хооронд хил тодорхой байснаас болсон орон нутгийн чанартай мөргөлдөөн, хилийн будлиан хэмээн гадаадын нэлээд эх сурвалжид тэмдэглэх нь бий. Харин энэ бол БНМАУ гаднаас цэрэглэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тогтоон барьж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн дайн байсан юм. Тиймээс бид алсарсан түүхийн сургамжийг мартах ёсгүй” хэмээн тодотгов.


Номын нээлтийн үеэр түүхийн ухааны доктор, дэд профессор Д.Дашдуламаас дараах мэдээллийг тодрууллаа.


-Тэртээх 80 жилийн өмнө Монголын дорнод хил дээр болсон Халх голын дайны эхлэл, нууцлаг зарим зүйлээс харуулсан энэ бүтээл хүүхэд залууст түүхийг үзэх үзэлд бодитой хандах, Халх голын дайны түүх судлалд хувь нэмэр оруулах бүтээл болсныг судлаачид хэлж байна?


-Бид аливаа зүйлийг тэмдэглэлт ойн хүрээнд үзээд л дуулианаар мартдаг. Гэтэл түүхэн үйл явдал, ялангуяа Монголын түүхэнд эерэг үр дагавар бидний байх уу, эс байх уу гэдэг их гүрнүүдийн бодлоготой холбоотой байсныг бид цаг ямагт залуу үедээ хэлж, судалж бодитоор гаргах нь чухал. Сүүлийн 30 жилд Халх голын дайны асуудал, XX зууны Монголын гол үйл явдал мартагдахад хүрсэнд судлаач хүний хувьд эмзэглэж явдаг. Манай залуучууд Монголын түүхийн гол үйл явдлыг мэдэхгүй байна, мартсан байна. Тиймээс XXI зуунд бид Халх голын дайнд ялсны 80 жилийн ой, Азид болсон чухал үйл явдлыг залуу үедээ таниулах зорилгоор Халхын голын түүхийг монгол хүний нүдээр харж, хөндөхийг зорьсон юм. Бид Халх голын дайны талаар ярихдаа их гүрний бодлогын талаас их судалж байжээ. Гэтэл Халх голын дайн бидний эрх ашгийг хөндсөн,  манай газар нутагт болсон гэдгээрээ онцлог байх ёстой. Бид орос судлаачдын өнцгөөс асуудлыг харж өөрсдийн бодит түүхээ их дарж байсан нь харагддаг. Тийм учраас номоо “Халхын голын дайн үүссэн нууцаас” гэж зориуд нэрлэсэн. Дайн яагаад үүсэх болов, дайны нөхцөл байдал хэрхэн өрнөв, ямар нөхцөл байдалд хүрэв гэхчлэн монгол түүхчдийн нүдээр харвал сонирхолтой болов уу гэж бодсон.


-Халх голын дайны тухай баримт, материал цуглуулахад хэр элбэг байв?


-Энэ талаар судалж байхад хүндрэл учрах нь харьцангуй гайгүй. Өдөр, өдрийн тулааны хохирлыг тал талаас нь гаргаж ирвэл  бодитой тоо гарна. Бидэнд  тэгж тулгаж үзсэн зүйл байдаггүй. Ихэвчлэн нэг зохиолоос ишлэл авч, тулаанаар яг юу болсон талаар гаргаж ирээгүй байдаг. Үүнийг  гаргаж ирэхийн тулд багаар ажиллах нь зүйтэй. Японы талд байлдааны тухай өдөр, өдрийн баримт гэхчлэн асар их баримт бий. Манайд байдаггүй баримтыг тэндхийн баримттай нөхвөрлөөд үзвэл их сонирхолтой зүйл гарна. Оросын удирдлагын буруугаас олон монгол хүн хохирсныг нууж дарсан байсан. Эдгээрийг судлахад хүн хүчний асуудал дутагдаж байна. Халх голын дайны талаар судалдаг судлаач цөөн бий. Бид Түүхийн хүрээлэн, МУИС,МУБИС, сонирхогч судлаач нарыг нэгтгээд баг болбол цөөхүүлээ судалснаас илүү үр дүнтэй, өргөн хүрээнд, бүтээлийн хувьд ч гэсэн даацтай бүтээл гарна. Засгийн газар энэ талаар судлаачдыг дэмждэггүй. Гэтэл түүх гэдэг тухайн улсын ой санамж, тэр тусмаа Халх голын дайны бидний ялалт бол өвөг дээдсийнхээ өмнө залуу үеийнхнийгээ эх оронч үзлээр хүмүүжүүлж үндэсний дархлаагүй болсон энэ үед маш чухал юм.


-Халх голын дайны түүх бол олон боть бүтээлээр олны хүртээл болох маш том сэдэв мөн. Энэхүү номыг цаашид цуврал болгон гаргах уу?


-Цаашдаа бидний тооцоолсноор 4, 5 магадгүй 10 боть хүртэл үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Халх голын дайны зэвсэглэлийн болон газар нутгийн асуудал, хохирлын талаар ярих ёстой болж байна. Япон судлаачдын өнцгийг бид өөрсдийн талаас баримт нотолгоотой тайлбарлавал сонирхолтой. Халх голын дайны үед нэргүй баатруудыг оршуулсан. Тухайн өдөр ямар тулалдаан болсон гэдгийг гаргавал нэргүй биш нэртэй, гавьяатай олон хүний амиар газар нутгаа авч үлдсэнийг гаргаж ирэх ёстой болж байна.

 

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

 

相关新闻