Тайшир суманд Хүмүүнлэгийн танхим байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Red Ready” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуульд "Хүмүүнлэгийн танхим" тохижуулж хүлээлгэн өглөө.
Мөн үеэр Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос өсвөрийн улаан загалмайчдад МУЗН-ийн үүсэл хөгжил, хүүхэд залуучуудын хөдөлгөөний талаар мэдээ мэдээлэл хийж, 25 өсвөрийн улаан загалмайн гишүүдийг шинээр элсүүлэн тангараг өргүүлж, гишүүнчлэлийн эгнээгээ өргөжүүлжээ.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Улаан Загалмай Хороо, "Дэлхийн зөн Монгол" ОУБ хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах “Бэлэн бай” сургалтыг тус суманд зохион байгуулжээ. Тэд сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах ойлголт, эрүүл мэндийн анхны тусламж, ган зуд, гал түймэр, газар хөдлөлт, хүн малын гоц халдварт өвчин, химийн бодисын зөв зохистой хэрэглээ зэрэг сэдвээр сургалт сурталчилгаа зохион байгуулж, учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг гарз хохирол багатай хэрхэн даван туулах тухай мэдээлэл хүргэсэн байна.