Увсын чацарганыг Европт гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-25 18:00:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монголоос чацаргана импортлохоор болж буй тухай өчигдөр чуулсан Хүнсчдийн их хурал дээр мэдээллээ.  

Европын холбооны “TRAM” төслийн багийн ахлагч Кармен Фратита төслөө танилцуулах үедээ, Европын холбооны газар зүйн заалтад Увс аймгийн чацарганыг бүртгүүлэх боломжтойг мэдээлж, дээрх төслөөс үүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Хүнсчдийн онц чуулганы үеэр мөн дээрх таатай мэдээг дуулгаж, “Монголын анхны газарзүйн заалтын тэмдэг нь Увсын чацаргана нэрээр бүртгэгдэж байгаа нь энэ ажлын эхлэл болж байгаа юм. Энэ тодорхойлолтын гарал үүсэл тухайн бүс нутгийн онцлогтой уялдаж байгаа нь хамгийн чухал юм.

Газар зүйн заалтад бүртгэгдсэн бүсэд ажиллаж байгаа тариаланчид, үйлдвэрлэгчид Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, тэнд мөн газар зүйн заалтаа бүртгүүлэхийн тулд хамтарч ажиллах нь чухал байна. Увсын брэнд болсон чацарганыг Европын зах зээлд экспортлохын тулд МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны  байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Европын холбооны “TRAM”, “Pro Value” төслийн хүрээнд Увс аймагт чацарганы чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван холбоог нэгдэж, хамтран ажиллах”-ыг уриалсан юм.


Тодруулга: Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний бүс нутгийн газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10 мянга гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж буй орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна. Европын Холбооны газар зүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүсэж байгаа аж.

Б.Болд

相关新闻