Хөвсгөл нуурыг дэлхийн шим мандлын хөтөлбөрт бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-01 10:00:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурыг "Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ"-нд бүртгүүлэх хэлэлцүүлэг сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо.

Хэлэлцүүлгээр манай улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа Хөвсгөл нуур, түүний орчмын газрыг экосистемийн хүрээнд хамгаалах, хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцолж байв.


Сургалт хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн Экогидрогеологийн тэнхимийн зохицуулагч, доктор Луис Чичаро, Итали улсын шим мандлын нөөц газрын шинжээч Роберто Бомбарда, ЮНЕСКО-ийн Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Филипп Папаерт нар оролцлоо.

Монголын талаас БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, ШУА, их, дээд сургуулийн судлаачид, байгаль орчны мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн иргэдийн төлөөлөл, аялал жуулчлалын байгууллагын нийт 70 орчим төлөөлөл оролцож Хөвсгөл нуурыг олон улсын хөтөлбөрт бүртгүүлэхэд анхаарах зүйл, шалгуур үзүүлэлттэй танилцлаа.

相关新闻