Б.Шейлтон: Малчид ургамал дахин ургах хугацааг тооцоолон бэлчээрээ ашиглах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-14 18:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Адра Монгол” байгууллага ХХААХҮЯ хамтран өнөөдөр “Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноос хонины үржил” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар манай улсын нийт нутгийн 60 хувийг хамраад буй бэлчээрийн доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцлээ.

Манай улсад бэлчээрийн ашиглалтын талаар мониторинг хийдэг улсын сүлжээ бий болж, 1550 цэгт жил бүр судалгаа хийж байгааг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн ажилтан Д.Булгамаа танилцууллаа. Судалгааны дүнгээр 2015, 2018 онд үндэсний хэмжээний тайланг гаргаж Засгийн газарт танилцуулснаар манай улсын нийт бэлчээрийн талбайн 65 хувь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж тодорхой түвшинд доройтолтой гарчээ. Нөгөө талаар доройтсон бэлчээрийн 90 гаруй хувь нь эргээд байгалийнхаа аясаар сэргэх боломжтой гэсэн байна. Ингэхийн тулд ашиглалтын горим буюу бэлчээрийн ачааллыг бууруулах ёстой гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь бэлчээрийг сэлгэж ашиглах, бэлчээрийн ургамлын сэлгэн ургах боломжийг олгох явдал юм байна. Газар нутгийн тархалтаар авч үзвэл төвийн бүсэд бэлчээрийн доройтол их байгааг хөндөж байв.




Нөгөө талаар малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах нь чухал байна. Нэгэнтээ хувийн аж ахуйг хөндөж малын тоог бууруулахгүй учир малаа чанаржуулах замаар бэлчээрийн даацыг тохируулж болно. Энэ талаар малчдад ойлгуулж, танилцуулж зарим аймгийн сумдад загвар төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлыг үр дүнтэй болгох, малчдын итгэл үнэмшлийг бий болгоход тэднийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх явдал чухал болсныг уулзалтаар онцолж байв. Нөгөө талаар бэлчээрийн тухай хуулиар бэлчээрийг урт хугацааны гэрээгээр ашиглах замаар шийдэх эрхзүйн зохицуулалт дутагдаж буйг хэлэлцлээ. ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд бэлчээрийн доройтлоос сэргийлэхийн тулд жилдээ 20 сая тоо толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байв.




Уулзалтаар цөлжилт, цаг уурын өөрчлөлт, хоол хүнс, усны аюулгүй байдал, мал аж ахуй, бэлчээрийн нөхөн сэргээлтэд төвлөрсөн судалгаа явуулдаг олон улсын "Севори" институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон нар оролцож, институтийнхээ үйл ажиллагаа, Архангай аймгийн Их тамир, Завхан аймгийн Идэр суманд хийсэн бэлчээрийн төлөв байдалд судалгааны үр дүнгээ мөн танилцуулсан юм. Судлаач Байрон Шелтон Монгол орны бэлчээрийн нөхцөл байдал, менежментийн талаар хэлэхдээ, “Малын тоо их байгаа нь чухал биш. Харин бэлчээрийн менежмент буруу байна. Байдал энэ чигээр цааш үргэлжилбэл бэлчээр талхлагдахад ойрхон байна. Тиймээс бэлчээрийг зөв менежментээр ашиглах нь чухал. Энэ нь малчид ургамал дахин ургах хугацааг тооцоолон бэлчээрээ ашиглах хэрэгтэй. Учир нь бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг нэмэхгүй бол цөлжилт явагдах, цаашлаад хуурай халалт үүсэх эрсдэлтэй” гэсэн юм.


Хэлэлцүүлгээр мөн нарийн болон нарийвтар ноост "Хангай", "Орхон" үүлдрийн хонины үржил, селекцийн ажлыг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар оролцогчид санал солилцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻