Аймгийн Засаг дарга багш сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-01 16:39:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж багш сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ илгээлээ.

Тэрээр "Орон нутгийнхаа боловсролын салбарт ажиллаж байгаа эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, хүүхэд багачууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Юуны өмнө хүүхдийн инээд, мөнгөн хонхны дуу цангинасан 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Боловсролын салбарын багш нарын маань ажлын үр дүн жилээс жилд улам ахиж, дээшилж байгааг тэмдэглэн баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе" хэмээсэн юм.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах бодлого, хийхээр төлөвлөж байгаа ажлын хүрээ, чиглэлийг танилцуулж багш, сурган хүмүүжүүлэгчдийн санаа бодлыг сонсож, хүүхдийн хөгжил хамгаалал, сурлагын чанарыг сайжруулж олсон ололтоо бататгаж, ахиулахад олон үнэтэй санал санаачилга гаргахыг хүслээ.

2018-2019 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт онцгойлон анхаарч 20 тэрбум 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ онцлон дурдав. 

Өнөө цагт боловсролын хэрэгцээ, шаардлага хурдацтай өөрчлөгдөж байгаагийн хирээр бид мөн хурдан өөрчлөгдөх шаардлагатай болж байна. Иймд Багш нар та бүхэн Алтайн хүүхдүүдийг хөгжлийг бүтээж, хөтөлж явах чадалтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажилдаа хэрэгжүүлэхийг хүссэн юм. Алтайн боловсролын салбарыг хөгжүүлэхэд хамтарч, дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Төрөлх-Алтай” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, “Макс грүпп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар болон бусад байгууллага, хамт олонд нийт багш нарынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

相关新闻