Уулархаг нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тариаланчид, ард иргэдэд анхаарууллаа.
Энэ сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа цас, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар, 9,10-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсэгт сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.