Л.Мягмаржавыг ОУСБХ-ны 3х3 сагсан бөмбөгийн комиссын гишүүнээр сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржавыг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBА/-ны 3х3 комиссын гишүүнээр сонгосныг FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклис албан ёсоор мэдэгдэж захидал ирүүлжээ.
ОУСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн
спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг үнэлж FIBA
3х3 комиссын гишүүнээр Л.Мягмаржавыг 2019-2023 онд дөрвөн жилийн хугацаатай томилсон байна.
FIBA 3х3 комисс болон түүний гишүүний үүрэг нь 3х3 сагсанбөмбөгийн засаглал, зохион байгуулалтыг сайжруулах, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн шинээр нэвтрүүлэх санал гаргах, албан ёсны тэмцээнүүдийн хуваарьт зөвлөгөө өгөх, санал гаргах, албаны хүмүүс /шүүгч, зохион байгуулагч/-ийн сургалт болон үнэлгээ өгөх, хэрэгжилтийг нь хариуцах, тоглолтын дүрмийн өөрчлөлтөд санал оруулж ФИБА-гийн Удирдах зөвлөлөөр батлуулах, олон улсын түвшинд буюу дэлхий даяар сагсанбөмбөгийн 3х3 төрөл хэрхэн хөгжиж буйг хянах, хөгжүүлэх зөвлөмж, санал гаргах зэрэг бодлогыг дээд түвшинд боловсруулж ажилладаг юм.
FIBA 3х3 комисс нь 16 гишүүнтэй бөгөөд даргаар нь Андрей Кириленко /ОХУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, NBA тоглогч асан/ ажиллахаар болжээ. БНХАУ-д 2019 оны есдүгээр сард болсон FIBA -гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хуралдсан ФИБА-гийн XXI конгрессоор шинээр сонгогдсон FIBA-гийн Удирдах зөвлөлөөс уг комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна.
Ташрамд дуулгахад, FIBA-гийн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд “Токио 2020” олимпын наадмын эрх авах
эхний 4 орны нэрс /эрэгтэй, эмэгтэй баг тус бүрээр/ баасан гарагт буюу 11 дүгээр
сарын 1-нд тодорно. Мөн үлдсэн 4 эрхийн төлөө өрсөлдөх 20 орны нэрсийг албан
ёсоор зарлах юм. Монголын эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн 180 орноос чансаагаараа
эхний тавд багтаад байгаа юм. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор
олимпын эрх авах өндөр магадлалтай байна.