“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн тооллого эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-16 18:21:22

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-гийн тооллого орон даяар эхлэж байгаатай холбогдуулж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэсээс эрхлэн уг тооллогын нээлтийг хийлээ.

Нээлтэд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаярын ахалсан ажлын хэсэг болон сумдын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд, бүх багуудын болон үйлдвэрүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн үеэр аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр хэлэхдээ: “Бид цаашид үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжиж орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтыг орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хийх, төр, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоодын уялдааг идэвхжүүлж хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж тэдгээрт тавих хяналтыг өндөржүүлэх болно” гэв. Тус тооллого нь үйлдвэрлэлийг дэмжиж эрх зүйн орчныг бий болгон тодорхой судалгаа шинжилгээгээр үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж борлуулалтыг нь нэмэгдүүлж нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилготой юм байна. “Аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчид industry.mi.gov.mn цахим хаягт хандаж ирэх сарын нэгний дотор бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй тохиолдолд ямар нэгэн зээл тусламжид хамрагдах боломжгүй болно” гэдгийг аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн хэллээ.

Дархан-Уул аймгийн “Бизнес регистрийн сан”-д 3000 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас төрийн болон төрийн өмчийн байгууллагуудыг хасч тооцоход 2500 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг бол эдгээрээс яг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг байна.

                                Б.Норовсамбуу

相关新闻