Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 9.7 хувь буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдав.
Энэ үеэр өнгөрсөн 2019 онд хэрэгжүүлсэн
ажлын үр дүн, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус
зөвлөл нь 2019 онд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилт дэвшүүлж, 8 бүлгийн
46 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн юм. Энэхүү ажлын
төлөвлөгөөг 93.5 хувьтай биелүүлсэн гэж
дүгнэв.
Ховд
аймгийн 17 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор
62298 иргэнд яриа, сургалт
сурталчилгаа хийж, 49600 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлэг тараан ажиллажээ.
Үүнээс
гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион
байгуулж буй томоохон үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, соён гэгээрүүлэх ажлын үр дүнд зөрчлийн шинжтэй гомдол
мэдээллийн гаралт 9.7 хувь буурч, тодорхой ахиц гарсан гэж албаны
эх сурвалж хэлэв.
Мөн цаашид гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй
байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран
ажиллах болно гэж албаныхан ярьж байлаа.
Хурлын
үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд санал
бодлоо нээлттэй илэрхийлсэн. Энэ үеэр
хүрээлэн буй орчны эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл, малын хулгайн гэмт
хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлд зайлшгүй
анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Түүнчлэн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гэмт хэргийн гаралт, зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх замаар албан ёсны статистик үзүүлэлт гаргах, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх, санал асуулгын хуудас бий болгох, урьдчилан сэргийлэх зарим ажилд төсөв санхүүг нэмэгдүүлэх зэрэг нэлээд санал уламжилсан юм. Ийнхүү зөвлөлийн гишүүдээс гарсан зарим саналыг 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр болов.
