“Ухаалаг хэрэглээ -Соёлтой үйлчилгээ” сэдэвт өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-24 11:19:33

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулж Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг хамгаалах нийгэмлэг хамтарч аймгийн төсвийн болон төрийн өмчит нийт аж ахуй нэгж байгууллагууд оролцсон “Ухаалаг хэрэглээ -Соёлтой үйлчилгээ” сэдэвт “Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөг Дархан хотын “Дархан-50 цогцолбор”, хуучин Дарханд Төв зах, Тосгонд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д нэгэн зэрэг болов.

Өдөрлөгт “Дархан-50 цогцолбор”-т болсон өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга А.Энхболд, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын дарга Д.Мөнхтөр, аймгийн ХЭАХН-ийн дарга Ч.Даваахүү нар оролцлоо. Аймгийн Засаг дарга А.Энхболд өдөрлөгийг нээж хэлэхдээ:-“Бид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа оролцуулж “Хэрэглэгчийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Хэрэглэгчийн жилийн ажилд Төрийн байгууллагууд манлайлж оролцсоноор иргэд хэрэглэгчиддээ хүрсэн төрийн үйлчилгээг үзүүлж чадна. Энэ үүднээс “Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” сэдвийн дор төрийн байгууллагууд маань бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж иргэдэд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэхийг зорилоо. Иргэд, хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, түүний хэлтэс, агентлагууд нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааны хэм хэмжээ, ёс зүй, санхүү, хөрөнгө оруулалт болон төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: Төрийн байгууллагууд дотоод удирдлагын цахим системийг туршиж байна. Мөн 7037-1212 нээлттэй утсаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрийн зарим үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Одоо Дарханы иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг хүргэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж хэрэглэгчиддээ эх орондоо үйлдвэрлэсэн эко, цэвэр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг тогтолцоог бүрдүүлж Дарханы хөгжилд ногоон болон хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл нь саяхан зохион байгуулсан “Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форум юм. Форумд гадаад дотоодын 150 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны эхлэлүүдээ  тавилаа. Иргэд, эрхэм хэрэглэгч та бүхнийг Хэрэглэгчийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авахын зэрэгцээ Төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрсдийн үнэтэй санал, санаачилга, дуу хоолойгоо төр, эрх бүхий байгууллагуудад уламжилахыг хүсч байна” гэв.

                                                                                            Б.Норовсамбуу

相关新闻