Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гал унтраах хэрэгсэл хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл, “ENSURE” төсөл, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” зэрэг байгууллага сайн дураараа нэгдэн Богдхан уулын хамгаалалтын захиргаанд гал унтраах хэрэгслүүд хандивлав.
Тэд гал унтраахад зориулан гар доорх материалаар хийсэн 56 ширхэг багаж, 350 ширхэг цэвэр ус, 150 ширхэг маск, 200 хос ажлын бээлий болон 85 ширхэг ус зөөх сав, 3 ширхэг 1 тонны ус нөөцлөх сав зэргийг цуглуулснаа өнөөдөр гардуулсан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр, ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн өдрүүд тохиож байгаа юм. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10, мөн есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааг ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй өдрүүд гэж үздэг. Ийм цаг үед иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс шалтгаалсан ой, хээр, шар өвсний 17 түймэр өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.
Онцгой байдлын
алба хаагчид, цагдаа, хөдөлгөөнт эргүүл, Богдхан уулын байгаль хамгаалагчид,
хөдөлгөөнт эргүүлийн нийт 1200 албан хаагч 224 байршилд өндөржүүлсэн бэлэн
байдалд, илүү цагийн хуваариар ажиллаж байгаа юм.