“Хөдөлмөрийн аюулгүй байдал”-ын талаар зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:34:26

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил Олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн салбар зөвлөл хамтарч “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр дүнг сайжруулах нь” сургалт, зөвлөлгөөн хийв.

Сургалт зөвлөгөөнд тус аймгийн аж ахуйн нэгж,  байгууллагуудын дарга, ХАБЭА-н ажилтан, ҮЭХ-ны дарга нар оролцлоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд үйлдвэрийн 383 осол бүртгэгдэж 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан бол Дархан-Уул аймагт өнгөрсөн онд нийт 21 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж  гурван хүн амь насаа алдсан. Эдгээр нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад эрх зүйн орчныг улам сайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа хэллээ. Мөн “Хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох, салбарын яамд, орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлж аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг болон ажил олгогч, албан тушаалтан, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай” гэж аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж ярилаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгож хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг шаардлага тавигдаж ирсэн зэргийг үндэслэн хуулийг шинэчлэн баталсан тухай дурдлаа.

Мөн ХАБЭА-н хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилтэд анхаарах асуудлаар аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны мэргэжилтэн Д.Мэндбаяр мэдээлэл хийсэн бол “Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх ач холбогдол, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, зөвлөмж”-ийг аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Д.Болормаа, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх цахим бүртгэлийн тухай” МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжин нар тус тус танилцууллаа.

                                                                                                   Б.Норовсамбуу

相关新闻