Р.Баянбилэг: Модны нахиаг задрахаас өмнө тарих нь хамгийн тохиромжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-04 13:09:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан, COVID-19-ийн нөхцөлд иргэд гэр бүлээрээ хашаа, хороондоо мод тарихыг Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-аас олон нийтэд уриаллаа. 

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо мод тарих өдрийг угтан мэргэжлийн ойчидтой уулзах үеэр дээрх байгууллагаас ийнхүү мэдэгдсэн юм. Энэ талаар МБОИЗ-ийн гишүүн, Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, докторант Р.Баянбилиг болон Дархан-Уул аймагт “Шинэ хашаа” төслийг хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат нараас тодруулсан юм.

Монголын Ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн Р.Баянбилиг, "Модыг унтах үе буюу намар, мөн сэргэх үе хавар тарьдаг. 

Мод тарих тааламжтай хамгийн зөв цаг үе нь газар гэссэнээс хойш, модны үндэс нахиагаа хөөж амилах үеэр буюу 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 10 хүртэл тарихад хамгийн тохиромжтой үе. Нэг ёсондоо 5 дугаар сарын 10-наас өмнө таривал сайн ургадаг. Энэ үед нахиа нь задраагүй байдаг тул түүнээс өмнө амжиж таривал сайн. 15-наас хойш бүх модны нахиа задардаг. Харин бортгонд хийж тарьсан үндэс наадмын дараа буюу 7 дугаар сар хүртэл ургадаг" гэж зөвлөлөө.  

Түүнчлэн тэрээр, "Модны үндсийг суулгахдаа агаар орохгүйгээр сайн чигчиж өгөх ёстой. Учир нь агаар аваад хатсан үндэснээс болж мод ургадаггүй. Дутуу чигчсэнээс агаар авч ус сайн нэвчдэггүй, сийрэгждэггүй. Энэ бүхнийг сайн сахиж таривал мод ургана" гэдгийг онцлов. Модны үндэс ургахдаа янз бүр байдаг аж. Тухайлбал, нарсны үндэс жижиг байвал хогийн ургамалд дарагдаад эмзэг байдаг тул тэр бүр ургадаггүй байна. 


”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат, "Манай Дархан-Уул аймгийн гэр хорооллын 80 орчим айл өрх нэгдэн гудамжиндаа мод тарьж ургуулаад байгаа. Дархан сумын 15-р багийн 3 гудамж бүхэлдээ ногоорсон. Айл өрх бүр мод тарихын ач холбогдлыг ойлгосон учраас энэ ажилд бололцоогоороо хандив өргөхийн сацуу өөрсдөө модоо тарьж, тасралтгүй арчилж байна" гэж ярив.

Тус аймагт “Энхийн их наадам”,”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ хамтран 2013 оноос “Шинэ гудамж” төсөл хэрэгжүүлжээ. Анхны мод тарьсан гудамж 300 метр хүрэхгүй урттай байжээ. Айлууд хашааны газраа хумиж, гудамжаа тэлснээ 12 метр өргөн болсон байна. "Төсөл маань Орон нутгийн хөгжлийн сан болон БНСУ-ын "Ротари" клубийн дэмжлэгээр хэрэгжихээс гадна гол нь оршин суугч айл бүр мод тарих ажилд 150-200 мянган төгрөг хандивладаг. Заавал мөнгө ч биш цемент, мод гээд юу хэрэгтэй байгаагаа хандивлах боломжтой. Хүн бүрийн амьдрал адилгүй учраас хандив өгөх боломжгүй айл өрх хөдөлмөрөөрөө бусадтайгаа хоршдог" гэж ”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат хэлж байна. 


Шинэ коронавирусний хорио цээрийн үе бол гэр бүлээрээ хашаагаа тордож мод тарихад яг тохирсон үе гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.



Өнгөрсөн 8 жилд нийт мянган мод тарьснаас 90-95 хувь ургаж байна. Тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдаръя гэсэн чин хүслээр ойлгож, түүн дээрээ суурилсан оролцоо байж байж бодитойгоор ногоорно гэв. Энд гол нь гудамжиндаа барьсан хайс хашаа, тарьсан модыг хот тохижуулах газарт биш тухайн айлд нь хүлээлгэж өгдгөөрөө онцлог аж. Тухайн айл нь мөнгөө гаргаж, хайс хашаагаа барьж, модоо тариад зогсохгүй, тарьсан модоо усалж, арчилж хариуцдаг нь мод ургаж буй гол шалтгаан нь юм байна.

Шинэ коронавирусний хорио цээрийн үе бол гэр бүлээрээ хашаагаа тордож мод тарихад яг тохирсон үе гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. “Мод тарих нь чухал ч тарьснаа арчилж, ургуулах нь бүр чухал” гэдгийг ойчид уулзалтын үеэр зөвлөж байв. Иргэд хамтран гудамжиндаа мод тарьж буй Дархан-Уул аймгийн “Шинэ хашаа” төслөөр Хөвсгөл аймгийнхан жишээ аван мод тарьж эхэлж байна. 

Б.Болд


相关新闻