Хан-Уул дүүргийн үлгэр жишээ эко өрх

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-05-12 17:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хороололд өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр цэвэр тохилог эко орчинг бий болгож сайхан амьдрах боломж байдгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Оюунчимэгийн гэр бүлийнхэн харуулж байна.



Эко Хан-Уул дүүргийн үлгэр жишээ эко өрхүүдийн нэг Д.Оюунчимэгийн хань дархан хүний бурхан ухаанаар үндэсний өв уламжлалыг шингээсэн бүтээлийг үр хүүхэд, гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээжээ. Тэрбээр гэрийнхээ бүхий л зүйлийг ур ухаанаа шингээж урласан нь хорооныхоо оршин суугчдад төдийгүй дүүрэг, хотдоо үлгэр дуурайлал болж байна.





Гэрийн эзэгтэй Д.Оюунчимэг өөрийн гараар хашаагаа бүрэн тохижуулсны зэрэгцээ төрөл бүрийн бут сөөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж өрхийн хэрэгцээгээ ханган ая тухтай амьдарч байгаа аж.



Ийнхүү тохижуулж цэцэрлэгжүүлэхэд 5 жил зарцуулсан байна. Д.Оюунчимэгийн уйгагүй хөдөлмөр, арчилгаа тордолгооны үр дүнд 10 гаруй төрлийн 100-гаад мод бут тарьж, гүзээлзгэнэ, чацаргана, үхрийн нүднээс эхлээд төрөл бүрийн хүнсний ногоог стандартын дагуу ургуулан ойр тойрныхоо хамаатан, ах дүүгийнхээ хүнсний ногооны хэрэглээг хангах хэмжээний ургац авч байгаа аж.



Гэр хороололд амьдардаг айл бүр энэ жишгээр хашаагаа тохижуулж хотын төвлөрлөөс ангид, цэвэр цэмцгэр амьдрах боломж байна.



Д.Оюунчимэгээс үлгэр жишээ авч эко орчин бүрдүүлж ая тухтай амьдрахыг ХУД-ийн ЗДТГ-аас уриалж байна. 





相关新闻