Хог хаягдлыг багасгах аянд жүжигчид нэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-11 11:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экологийн цагдаагийн албанаас "Байгальд эн түрүүнд: Хогоор бүү хорло!" аяныг эхлүүлээд байна. 

Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аянд хамгийн түрүүнд урлаг, соёлынхон нэгдээд байна. 

Хийлч Ч.Дэлгэрцэцэг, СТА жүжигчин О.Дөлгөөн нар нэгджээ. Тодруулбал, жүжигчин О.Дөлгөөн аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа мэдээллээ. Тэрээр, "Сайн байна уу ? Бид АНУ-аас та бүхэнтэй мэндчилж байна. ЦЕГ болон Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Байгаль эн тэргүүн: Хогоор бүү хорло" аянд бид гэр бүлээрээ нэгдлээ. Ердөө 12 минут хэрэглэдэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё. Би хүүгийнхээ жилийн өмнө зурж өгсөн "Байгальд хоргүй” гэсэн зурагтай тороор гангарлаа” хэмээн бичжээ. 


Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон ТББ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн үйл ажиллагааг Экологийн цагдаагийн алба ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Эм Си Эс Коко кола”, “Монкон пропортиз” компанитай хамтран явуулж байна.



相关新闻