“Энэтхэг-Монголын төгөл”-ийг нээж 65 мод тарилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Энэтхэг-Монголын төгөл"-ийг өнөөдөр нээж, 65 мод тарилаа.
Тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн жил Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойгоор 150 мод, Энэтхэгийн Сикх шашныг үндэслэгч Гру Нана мэндэлсний 550 жилийн ойг тохиолдуулан 550 модыг тарьсан байна. Цаашдаа тэмдэглэлт баяр, ой бүрээр мод тарих санал дэвшүүлж буйгаа БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх онцлов.
Тэрбээр, "Ингэснээр бид байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулна. Мөн Монгол Улсын өнгө төрх болон ногоон хөгжлийн бодлогыг дэмжих зорилготой юм. Ирээдүйд энэ үйл ажиллагаа зуршил болоосой гэж хүсэж байна. Бидний тарьсан мод хоёр орны олон зуун жилийн харилцаа, ирээдүйн түншлэлийн хамтын харилцааг төлөөлж байх болтугай" хэмээн ерөөлөө.
Мод тарихад Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Бакула Ренбүчигийн Бэтүб хийдийн төлөөлөл болон Монгол Улсад амьдарч байгаа БНЭУ-ын иргэд оролцлоо.
Монголын Бурхан шашны Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч Б. Мөнхбаатар хэлэхдээ, “Монгол Улс, БНЭУ-ын ард түмэн 2000 гаруй жил оюун санааны түүхэн харилцаатай. “Энэтхэг-Монголын төгөл”-ийг нээж байгаадаа баяртай байна” гэв.
С.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр