Нийслэлийн төвд Усан оргилууртай цэцэрлэг барих ажил 90 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-06-15 10:37:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв талбайн өмнөх Хонхот цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урт, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдог усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар, цэвэр усны крант зэргийг байгуулж байгаа бөгөөд ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.



Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Чингүнжавын гудамжинд гацуур, нарс, шинэс, агч, хус, хайлаас, гүйлс, голт бор, нохойн хошуу, монос, өрөл, долоогоно, даланхальс, боролзгоно, яргай, тэхийн шээг, тавилгана, тэсхэй, тэсмэг зэрэг гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн ногоон байгууламжтай болгожээ.





Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замын эвдрэл гэмтлийг засч янзлах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хотын нийтийн аж ахуйн зардлаас хөрөнгийг шийдвэрлэн Баруун сэлбийн гудамж буюу Жуулчны гудамж, Урт цагааны замын урд талыг нөхөн сэргээж, шинээр тавьж байгаа юм. Мөн Улсын их дэлгүүрээс хойших чиглэлийн эвдэрч муудсан, борооны ус ихээр тогтдог явган хүний замыг засч шинэчилсэн байна.





Түүнчлэн Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамж буюу БНХАУ, БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватор /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбайд нийт 66 том оврын нарс мод, 113 гацуур мод тарьж 1200 боролзгоноор 376 метр урт ургамалан хашлагатай болгожээ. Мөн тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105 гоёлын мод бут тарьж 900 м.кв талбайг зүлэгжүүлсэн байна.












相关新闻