Жон Болтон дурсамжаа хэвлүүлснийг Сноудений үйлдэлтэй зүйрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон дурсамжийн номоо хэвлүүлэн гаргасныг тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудений үйлдэлтэй зүйрлэжээ.
“Хүмүүс Эдвард Снуоден шиг мэдээлэл задруулахаар юу болдгийг бид харсан. Жон Болтоны хийсэн зүйл бол үүнээс огт ялгарахгүй. Бид арга хэмжээ авах боломжийг Хууль зүйн яаманд үлдээж байгаа боловч ийм мэдээлэл гарах нь Америкт жинхэнэ аюул, бодит хохирол учруулна” гэж Помпео “Fox News” телевизээр мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны ном мягмар гарагт худалдаанд гарчээ. Тэрбээр Цагаан ордонд жил гаруй хугацаанд ажилласан дурсамжаа уг номондоо бичсэн байна.
Трампын засаг захиргаа энэхүү номонд нууц мэдээллүүдийг оруулсан гэж үзэж байгаа бол Болтон үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Номонд нь ямар ч нууц мэдээлэл байхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Харин Цагаан ордон Трампын тухай таагүй мэдээллүүдийг хасахыг шаарджээ.
Хэдийгээр Цагаан ордны зүгээс эсэргүүцэж байсан ч Болтонд “The Room Where It Happened: A White House Memoir” номоо хэвлүүлэхийг Америкийн шүүх зөвшөөрсөн байна. Гэхдээ Болтон гар бичмэлийг эрх бүхий байгууллагатай зөвшилцөх журмыг зөрчиж, хэвлэлд өгч, нууц мэдээллийг задруулж болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй шүүх санал нэгджээ. Шүүхийн үзэж байгаагаар, хэрэв уг номонд нууц мэдээлэл байхгүй бол Болтон алдар нэр, мөнгөтэй болно харин байгаа бол эрүүгийн хэрэгт холбогдох аж.
Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден АНУ, Их Британийн цахим мөрдөлтийн хөтөлбөртэй холбоотой нууц мэдээллүүдийг 2013 оны зургадугаар сард “Washington Post” болон “Guardian” сонинд дамжуулан өгч ил болгосон юм. Тэрбээр Хонконг руу нисэж, тэндээсээ Москвад очсон бөгөөд Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд хэсэг хугацаа өнгөрөөсөн билээ.
ОХУ-ын эрх баригчид АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох болзолтойгоор Сноуденд нэг жилийн хугацаатай түр орогнох эрх олгосон юм. 2014 оны наймдугаар сард Сноуден гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд тэрбээр зөвхөн Орост төдийгүй гадаадад зорчих боломжтой болжээ. 2017 оны нэгдүгээр сард Сноудений оршин суух зөвшөөрлийг 2020 он хүртэл сунгасан байна. Тэрбээр ОХУ-д оршин суух зөвшөөрлийн хугацааг дахин гурван жилээр сунгуулах хүсэлтээ дөрөвдүгээр сард гаргажээ.