Засварын ажилд 2.7 тэрбум төгрөг зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлд инженерийн байгууламжуудын засварын ажил ид өрнөж байна. Засварын ажлын явцын талаар УБЦТС ТӨХК-ийн Техник шуурхай зохицуулалтын албаны дарга С.Баярсайханаас тодрууллаа.
-Жил бүр засвар хийхээр цахилгаан хязгаарладаг. Үүнд иргэд таатай байдаггүй. Энэ жилийн хувьд АСЕМ зохион байгуулж байгаа учраас засварын ажил эрт дуусна гэж байсан?
-АСЕМ болохтой холбоотойгоор урсгал засварын ажлыг нэлээн шахуу хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн урсгал засвар өнөөдөр 57 хувийн гүйцэтгэлтэй байна. Бусад их засвар, хөрөнгө оруулалтаар хийгдэх өргөтгөл шинэчлэлийн ажлууд АСЕМ-ын дараа буюу 8-11 сар хүртэл үргэлжилнэ. УБЦТС ТӨХК нь нийслэл болон Төв аймгийн 16 сумын хүрээнд ажил үйлчилгээ эрхэлдэг. Бид хэрэглэгчдийнхээ цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор жил бүр нийтийн эзэмшлийн бүх шугам, тоноглолд урсгал засвар үйлчилгээг төлөвлөсөн хуваарийн дагуу хийдэг.
-Энэ жилийн завсарын ажилд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Нийт 2.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
-Засварын ажлыг жил бүр хийдэг. Яг ямар засварууд хийдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ тухайд?
-Урсгал засвараар шугам тоноглолуудад чангалгаа хийх, олон залгаатай шугамын утсыг шинэчлэх, шатсан, хагарсан гал хамгаалагч, хөндийрүүлэгчүүдийг шинээр солих, анхааруулах хаяг, бичлэгийг сэргээх, шороо тоосыг нь арчиж цэвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Бусад томоохон ажлуудыг их засвар, улс, нийслэлийн хөрөнгө оруулалттай өргөтгөл шинэчлэлээр хийдэг юм.
-Ингэхэд хэрэглэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр засварын ажлыг явуулах боломж бий юу?
-Цахилгаан эрчим хүчийг дамжуулж байгаа шугам тоноглолууд бол тасралтгүй ажиллаж байдаг машин техник юм шүү дээ. Эдгээрийн ашиглалтын найдвартай байдлыг хангахад чиглэсэн ажил бол бид өөрсдийн машин тэргээ оношлогоонд оруулан болохгүй байгааг нь засаж сэлбэдэгтэй яг адилхан. Засварын ажлыг хийхэд тухайн шугам тоноглолыг хүчдэлээс бүрэн салгах шаардлагатай. Бидний хувьд засварын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах, хэрэглэгчдийн хэрэглээг удаан хязгаарлахгүйн төлөө ажилладаг.
Б.Заяа