Г.Ариунболд: Байгалийн араншинг өдөр бүр хардаг болохоор дотор минь бичээстэй байдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн арт галерейд "Ариунболд ба Ариунболд" уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл гарч байна. Энэ сарын 29-нд нээгдсэн уг үзэсгэлэн нь уран зураг, орчин үеийн барималыг хослуулснаараа онцлог.
Эхний зураач нь МУСТА Г.Ариунболд. Түүний 27 зураг үзэсгэлэнд тавигдсаны тал нь XIII зууны түүхэн үеийг дүрсэлсэн бол нөгөө хэсэгт байгалийн сайхныг буулгажээ. Бүгд энэ онд бүтээсэн зургууд бөгөөд зотон тосоор урлажээ.
Шилэн дээврээр тусах нарны гэрэлд байгалийн зураг илүү амьд харагдаж, түүхэн зургууд эрч хүчтэй, баатарлаг харгадана. Тэр дундаас нэг зураг онцгойрч нүдэнд туслаа. Жижигхэн жаазан дотор дөнгөж нар мандахын өмнөх, үүрийн туяа гийсэн зуны өглөөг дүрсэлжээ.
Харин зураачийн өөрийн онцолсон нь дээрх “Бэр цэцэг” зураг. Сэмэрч элгэдэн, тасарсан гурван хэсэг дотор түүхэн үеийг бүтээжээ. Тэрээр зургийг тайлбарлахдаа, “Аливаа юмс хуучрахаараа элгэддэг, устдаг. Бидний түүх ч мөн адил бага багаар балартаж, саринаж байна гэсэн санааг гаргахыг зорьсон” гэв.
Эдгээр зургийг бүтээх сэдэл хэрхэн төрдөг талаар тодруулбал, тэрээр, “Монгол зураач хүний дотор Монгол мөн чанар байдаг. Үргэлж бодож, дотроо төсөөлөн зурж, судалгаа хийсний үндсэн дээр зурна. Харин байгалийн зургийн хувьд, би хөдөө төрж өссөн, одоо ч мал дээр байдаг. Өдөр бүр байгалийн ерөнхий тогтоц, өнгө аяс, хэлбэр дүрс, араншныг харж байдаг болохоор дотор минь бичээтэй байдаг. Тиймдээ ч миний зурганд байгалийн нар салхинд элгэдсэн өнгө зонхилдог. Ер нь байгалийг яг байгаагаар нь зурахыг хичээдэг” гэлээ. Түүний хувьд 2001-2018 онд 21 үзэсгэлэнг гаргажээ. Мөн 2008 оны Бээжингийн олимпийн үеэр гарсан үзэсгэлэнд түүний “Их нүүдэл” зураг олны хүртээл болж байв.
Харин Д. Ариунболд уран барималч 1996-2018 онд нийт 12 үзэсгэлэн гаргажээ. Тэрээр металл төмөр болон бусад материал ашиглан, гүн утга санаа бүхий сэтгэлгээний өвөрмөц хийцтэй баримлуудаараа үзэсгэлэнд оролцож байна. Тэрээр, “Нэгэн хэвийн, урсгалаараа амьдарч байгаа хүмүүст арай өөр сонирхолтой зүйл харуулахыг хичээлээ” гэсэн юм. Түүний онцолсон бүтээл нь “Бодолд хөвөгч”,“ Дарагдсан эгшиг”.
“Бодолд хөвөгч” бүтээл нь бага насандаа байнга зүүдэлдэг байсан арзгар хурц үзүүртэй, хар бараан зүйлийг илтгэж байгаа бол “Дарагдсан эгшиг” нэртэй баримал нь төмрөөр чулууг цохиход дуугардаг эгшиг бүр доороо дарагдаж байдаг гэсэн санаатай. Хальт харахад утга санаагүй зүйл мэт боловч ухаж бодохоор далд санаа ихтэй бүтээлүүд юм. Таньд магад өөрөөр харагдах байх.
Г.Удвал