Амралтын өдрүүдэд нутгийн зарим газраар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-09-04 18:53:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2020 оны 9 дүгээр сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  7, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

相关新闻