Кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-26 13:02:25

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар кибер тагнуултай тэмцэхэд шинэ арга хэмжээг хамтран авахаар тохиролцжээ.

Кибер арга хэрэгслийн тусламжтайгаар оюуны өмчийг хулгайлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байх, мөн ийм үйл ажиллагааг дэмжихгүй байх үүргийг хоёр орны удирдагчид хүлээсэн байна. Энэ гэрээ нь үндэсний аюулгүй байдалтай хамаатай мэдээллийн нууцад бус харин худалдааны нууцад хамаатай юм.

Худалдааны нууцыг хулгайлсан хэрэгт оролцсоноо хоёр орны аль аль нь няцаажээ. Хятад улс ийм үйл ажиллагааг “зориуд дэмжихгүй” бөгөөд кибер орон зайн “хэм хэмжээг” даган мөрдөнө гэж Си Зиньпин мэдэгджээ.

Хятадууд үйлдэж байгаа гэж сэжиглэж буй кибер тагнуул даамжирах нь хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй гэж Обама мэдэгдсэн байна.

АНУ болон Хятадын удирдагчид кибер тагнуулаас урьдчилан сэргийлэх асуудлаар хоёр талын хэлэлцээг энэ онд багтаан хийхээр, мөн энэ асуудлаар жилд хоёр удаа нэмэлт уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.

Обама мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүлэмжийн хийн хаягдалд квот тогтоохоор болсонд Си Зиньпинд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Хүлэмжийн хийн хаягдлын квотыг хэтрүүлсэн компаниуд үүнийхээ төлөө төлбөр төлөх ёстой аж.

Д.Жаргал

相关新闻
注释