Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид 3 хүн өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ээлжит Их хурал 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болно. Энэ хурлаар тус эрэгтэй дэд ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 3 хүн албан ёсоор нэр дэвшлээ.
МХБХ-ны 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч нь албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, эрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаал болон Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн байна. Улмаар МХБХ-ны дүрмийн 28.2.17 зүйлд заасны дагуу дэд ерөнхийлөгчийн сонгуулийг энэ удаагийн Их хурлаар явуулах юм.
Өнгөрсөн бямба гарагт 5 хүний
бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн
материалыг шалгаж дууссанаар бүртгэлийг баталгаажуулсан байна. Тус сонгуулийн
хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгчид энэ удаад: Сандагдорж
овогтой Эрдэнэбат, Санжмятав овогтой Пүрэвсүх, Моломжамц овогтой Болд нэр
дэвшиж байгаа хэмээн мэдээллээ.